Нийслэлийн анхны дагуул хот Налайхын Захирагч Ш.Хааны бүрэн эрхийг баталгаажууллаа
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/437 дугаар захирамжийн дагуу Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулж дахин санал хураалтаар нэр дэвшигч Шаравхааны Хаан санал өгсөн нийт сонгогчийн 50,87 хувийн саналыг авч, Налайх хотын Захирагчаар сонгогдсон юм. Нийслэлийн Засаг даргын “ Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” А/593 дугаар захирамжийн дагуу Налайх хотын Захирагчаар сонгогдсон Ш.Хааны бүрэн эрхийг баталгаажуулж, тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.
Ёслолын ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Налайх дүүргийн удирдлагууд, Налайх хотын иргэд оролцлоо. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Налайх дүүргийн иргэдийн хүсэлтээр нийслэлийн анхны дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь Налайх дүүргийн иргэдийн олон жилийн хүлээлт, хүсэлт байсан. Учир нь Налайх дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулгыг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулж, санал өгсөн нийт иргэдийн 96,1 хувь нь дүүрэгтээ хот байгуулах ажлыг бүрэн дэмжиж, хотын Үндсэн дүрмээ баталсан юм. Өөрийн гэсэн дүрэм, төсөв, аж ахуй, төлөвлөлттэй анхны хотын иргэн ньта бүхэн болж байгааг дуулгахад таатай байна. Налайх хотын Захирагчаар сонгогдсон Ш.Хаанд ажлын амжилт хүсч, иргэнээ сонсдог Захирагч байгаарай” хэмээн онцлон хэллээ.
Налайх хотын иргэдийн итгэлийг хүлээж, олоннхийн санал аван сонгогдсон Ш.Хаан нь иргэдийнхээ өмнө шударгаар хичээнгүйлэн ажиллаж, нийслэлийн анхны дагуул Налайх хотоо хөгжүүлэн, өнөөдөр байгаа жижиг байшингуудыг хот болгон сүндэрлүүлнэ хэмээн тангараг өргөсөн юм.
Налайх хотын Захирагч Ш.Хаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Захирагчийн мөнгөн гэрэгэ, Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар Налайх хотын бэлгэдэл түлхүүрийг гардууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Налайх хотын Захирагчийг сонгох сонгуулийг улс төрийн намуудын оролцоогүйгээр амжилттай зохион байгуулж, өнөөдөр тангарагаа өргөж байна. Налайх хот болсоноор эрх мэдэл зохистой хуваарилагдаж, иргэдийн оролцоо хангагдан, оршин суугчид өөрсдийн хийж чадах, хийх ёстой амьдрал ахуйнхаа асуудлыг хараат бусаар, бие даан шийдвэрлэх боломжтой болж байна. Налайх хотын Захирагч нь улс төрөөс хараат бус, иргэдээс сонгогдон хотын өдөр тутмын амьдралыг зохицуулдаг, иргэдийн хамгийн сайн туслагч болох үүрэгтэй хүн байх ёстойг онцгой анхаарч ажиллаарай” гэж хэллээ.
Харин Налайх хотын иргэдийн төлөөлж МУ-ын гавъяат уурхайчин, Налайх хотын хүндэт иргэн Ц.Жанчив “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн заалтуудын хэрэгжилтийн салхийг хагалж иргэдийнхээ дундаас Захирагчаар сонгогдсон Ш.Хаанд баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Уурхайчдын ууган хот Налайхын хөгжлийг цэцэглүүлж, иргэдийнхээ амьдралыг дэвжин дээшлүүлэх болтугай” хэмээн хэлсэн юм.
Налайх дүүрэгт хот байгуулснаар өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болох урьдчилсан тооцоог гаргасан. Өнөөдөр бүрэн эрхээ баталгаажуулсан хотын Захирагч Ш.Хаан нь Налайх дүүргийн ЗДТГ-ын бүрэлдэхүүнээс Захирагчийн ажлын албыг байгуулж ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.