Наадмын хамгаалалтад 6000 гаруй цагдаагийн алба хаагч ажиллана
Үндэсний их баяр наадмын хэв журмын салбар хороо гурван удаа хуралдаж, зохион байгуулалтын ажлаа ярилцсан байна. Хуралдаанаар энэ жилийн баяр наадмын хамгаалалтад 6100 албан хаагчдыг томилон ажиллуулахаар болжээ.
Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар, хэлтсийн 2600, Хүй долоо худагт 22 цагдаагийн газар хэлтсийн 3000, Хууль сахиулах их сургуулийн 500 сонсогч зэрэг нийт 57 байгууллагын албан хаагчид үүрэг гүйцэтгэх юм. Түүнчлэн наадмын үеэр 450 автомашин, 30 мотоциклиор үүрэг гүйцэтгэх аж.
Түүнчлэн Цагдаагийн байгууллага нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран зөвлөмж гаргажээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадмаар Монголд жуулчид ихээр ирдэг. Энэ үеийг далимдуулан жуулчдын эд зүйлсийг хулгайлах үйлдэл ихээр гардаг тул ийнхүү жуулчдад зориулсан 3000 ширхэг санамж боловсруулсан байна. Санамжуудыг нийслэлийн Аялал жуулчлалын газраар дамжуулан тараах аж.