Д.Даваа: Холч морьдын уралдаанд үүлдэр харгалзахгүй
Хурдан морьдын уралдааныг Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон. Энэ талаар Монголын морин спорт уралдааны үндэсний холбооны ерөнхийлөгч, их хүлэгч Д.Даваагаас тодрууллаа.
-Холч, хурдан морьдын уралдааныг зохион байгуулах талаар товч мэдээлэл өгнө үү?
-Уламжлалт сонгодог хэлбэрийг сэргээх зорилгоор 18-аас дээш насны залуучуудыг хурдан морь унаж уралдуулах холч
морьдын “Их хүлэг” уралдаан энэ сарын 10- ны 14:00 цагаас эхэлнэ. Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.
Энэ уралдаан нь хурдан морины уралдаан дээр гардаг янз бүрийн зөрчлийг арилгах, өв соёлоо дээдлээсэй гэсэн зорилготой юм. Морь унаж түрүүлэхдээ гол нь биш. Морио барианаас гаргаж аажуухан давхиулаад 30 км замыг туулчихаад тусгай шүүгчдийн зөвлөснөөр морио 20 минут амраагаад буцаж морь барианыхаа асар дээр ирэх юм. Энэ жил их гантай, хуурай байгаа учраас морио гамнаж унахыг нийт уяач, унаач хүүхдүүддээ зөвлөх байна. Холч морьдын уралдаанд нийт 60 км замыг туулах болохоор зөөлөн уралдахыг уриалж байна.
-Энэ уралдаанд хэдэн насны морьд уралдах вэ?
-Морьдын үүлдрийг харгалзахгүй уралдуулна. Азарга, Их нас, Соёолон уралдахаараа онцлог юм. Энэ наадмыг бид улсын наадмын шүдлэн, хязаалан уралдсаны дараа уралдуулна.
-Уралдах морьдыг хаана хэзээ бүртгэх вэ?
-Морь бүртгэлийн газарт нөгөөдөр бүртгэнэ. Морь унаач тамирчид 18 нас хүрсэн байх шаардлагатай. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхтэй ирнэ. Мөн оюутан залуусыг морь унахыг уриалж байна.
Н.Даян