Грекчүүд зээлдүүлэгчдэд “Үгүй” гэж хэллээ
Санал асуулгын дүн гарсны дараа Ерөнхий сайд А.Ципрас зоригтой сонголт хийснийх нь төлөө ард түмэндээ баяр хүргээд, “Санал асуулгын дүн эсрэг гарснаар бид өөрсдийн саналаар евробүсээс гарч байгаа юм биш, харин баримталж байгаа байр сууриндаа хатуу зогсоно гэдгээ зээлдүүлэгчдэд харуулж байгаа хэрэг. Бид маргааш дахин хэлэлцээрийн ширээнд сууна, гэхдээ энэ удаа өрийн асуудлыг хэлэлцэнэ” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Хэрвээ санал асуулгын дүн өөрөөр гарсан бол А.Ципрасын Засгийн газар огцрох байлаа. Харин иргэд Засгийн газраа дэмжсэн учир сөрөг хүчний намын дарга Антониос Самарас албан тушаалаа орхиж байгаагаа зарлажээ.
Гэтэл, Засгийн газраа дэмжсэн шийдвэр гаргачихахад байхад Сангийн сайд Янис Варуфакис огцрох шийдвэр гаргасан нь анхаарал татлаа. Тэрбээр Твиттер хуудсандаа “Санал асуулгын дүн гарсны дараа Еврогруппийн зарим гишүүд, хамтрагчдын нэлээд нь намайг хэлэлцээрт оруулах дургүй байгааг ойлгосон. Ерөнхий сайд ч энэ нь хэлэлцээрт сайнаар нөлөөлнө гэж үзсэн. Тиймээс би өнөөдрөөс эхлэн Сангийн сайдын албан тушаалаас татгалзаж байна” хэмээн бичжээ.
Грекийн санал асуулгын дүн гарсны дараа еврогийн ам.доллартай харьцах ханш буурч эхэлсэн байна. Өчигдөр өглөөний нээлтийн арилжаагаар еврогийн амдоллартай харьцах ханш 0.75 хувиар буурч, 1=1.1013 болсон байна. Мөн рублийн ханш евро, ам.долларын эсрэг суларч эхэлжээ.
Грек евробүсээс гарвал нефтийн үнэ унана гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдад байсан. Тэгвэл энэ нь үнэн болж, наймдугаар сард ачигдах WTI маркийн түүхий нефтийн үнэ 3.86 хувиар буурч, 54.73 ам.доллар болсон бол Brent маркийнх 1.39 хувиар хямдарч, 59.48 ам.доллар болжээ.
Европын холбооны нөлөө бүхий улстөрчид санал асуулгын дүнг сэтгэл дундуур хүлээж авсан нь ойлгомжтой. Италийн Гадаад харилцааны сайд Паоло Жентилони “Одоо хэлэлцээрийг дахин эхлүүлэх шаардлагатай боллоо. Гэвч Европ өсөлтийн талаар бодох сөхөөгүй байгаа энэ үед грекчүүдийн саналыг хүлээж авахад хэцүү” гэсэн бол Бельгийн Сангийн сайд Йохан ван Овертвелдт хэдий санал асуулгын дүн эсрэг гарсан ч “хаалга нээлттэй хэвээр байгаа” гэдгийг эрх баригчдад сануулсан байна. Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдээд өнөөдөр буюу мягмар гарагт евробүсийн орнуудын ээлжит бус хурлыг яаралтай зарлан хуралдуулахаар болсон байна.
Монголын мэдээ
Х.Сайхан