Дүүрэг бүрт хуушуураар үйлчлэх цэгүүд ажиллана
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг батлан гаргажээ. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас тодрууллаа.
…Энэ жил хуушуур хийж худалдаадах зөвшөөрөл иргэн, аж ахуйн нэгжүүдэд газ ашиглах зөвшөөрөл олгосон. Учир нь өнгөрсөн жилүүдэд газ ашиглахыг хориглосноос, цахилгааны ачаалал ихсэж, Төв цэнгэлдэх, Хүй долоон худагийн зарим хэсгээр эрчим хүч тасалдаж байсан. Тиймээс Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт НМХГ, ОБЕГ-ын хяналтад газ ашиглахыг зөвшөөрсөн байгаа…
-Баяр наадмаар хэчнээн хуушуурын цэг үйл ажиллагаа явуулах вэ. Өмнөх жилээс онцлог зүйл юу байгаа талаар тодруулаач?
-Наадмаар нийт 850 аж ахуйн нэгжид хуушуурын зөвшөөрөл олгосон. Үүний 70 орчим хувь нь хуушуур хийх бол үлдсэн 30 орчим хувь нь бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаалахаар байгаа. Хуушуурын үйлчилгээг иргэд эрхлэхийг хүсдэг. Тиймээс энэ жил дүүрэг бүр дээр хуушуураар үйлчлэх цэгүүд ажиллана. Тухайлбал, Чингэлтэй Тусгаар тогтнолын талбай, Хан-Уул морин тойруулгын төв, Баянзүрх дүүрэг Амгалангийн зам дагуу хуушуураар үйлчлэх цэгүүд ажиллана.
-Наадмаар хуушуурын фестивалийг зохион байгуулах гэж байгаа гэсэн?
-Энэхүү фестиваль нь Монголын үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлүүлэх үндсэн зорилготой. “Монгол хуушуур- 2015” фестивалийг долдугаар сарьш 11, 12-ны өдрүүдэд цэнгэлдэх болон Хүй долоон худгийн худалдаа үйлчилгээний талбайд зохион байгуулна. Фестивалийн хүрээнд хамгийн том хуушуур хийсэн хоёр, хамгийн амттай хуушуур хийсэн хоёр, хамгийн цэмцгэр асартай хоёр , нийт зургаан номинациар 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулж тус бүр сая төгрөгөөр шагнана. Үүнээс гадна олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулна. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд манай хэлтэс Хараагүйчүүдийн нийгэмлэгтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хуушуурыг тэдний үйлдвэрлэсэн цаасан уутанд хийж худалдаалж байгаа. Хуушуур хийх зөвшөөрөл авсан иргэд аж ахуйн нэгжүүд бүгдээрээ цаасан уутанд хуушуураа хийж худалдаална.
-Хуушуур хийх газруудад газ ашиглахыг зөвлөж байгаа гэсэн. Ямар учиртай юм бэ?
-Энэ жил хуушуур хийж худалдаалах зөвшөөрөл иргэн, аж ахуйн нэгжүүдэд газ ашиглах зөвшөөрөл олгосон. Учир нь өнгөрсөн жилүүдэд газ ашиглахыг хориглосноос, цахилгааны ачаалал ихсэж, Төв цэнгэлдэх, Хүй долоон худгийн зарим хэсгээр эрчим хүч тасалдаж байсан. Тиймээс Үңдэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт НМХГ, ОБЕГ-ын хяналтад газ ашиглахыг зөвшөөрсөн байгаа.
-Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь гарсан уу?
-Цагийн хуваарийг баталсан байгаа. Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, хүнсний дэлгүүрүүд долдугаар сарын 10-нд 09.00-24.00 цагт ажиллаж, 11, 12-нд амарч, 13-наас эхлэн ердийн цагийн хуваарийн ажиллана. Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 10-нд бүтэн ажиллаж, 11, 12-нд амраад, 13- наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол тусгай захиалгат үйлчилгээтэй нэгдүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин баар цэнгээний газрууд 10-нд 15.00 – 24.00 цагт ажиллаж. 11,12- нд амраад, 13-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагын ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллах болно. Түүнчлэн үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд 10-нд хоёр ээлжтэй салон 09.00 -21.00 цаг, нэг ээлжтэй салон 10.00 -17.00 цагт ажиллаж, 11, 12-нд амраад, долдугаар сарын 14 -өөс ердийн цагийн хувиараар ажиллана. Наадмаар Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
Ж.Отгонмягмар