Засгийн задрал уналтруу хөтлөх вий

Улс төрийн байдал тун тогтворгүй байна. Төр барьж байсан хоёр том хүчний нэг нь нөгөөгөө “түлхэж”, хамтран ажиллахаас татгалзлаа. Гэтэл нөгөө талд  нь Засгаа огцруулах хүсэлтэй хэдэн гишүүн байдлын анан ажсаар. Монголын төр тааварлашгүй байдалд хүрч, тун эгзэгтэй үед ирээд байна. Шийдлийн Засгийн газар ганхах вий, Засаг бүхлээрээ огцрох вий гэсэн түгшүүр хэн бүхний дотор хургаж байна. 

Учир юун гэвээс Засгийн газрын толгойд ажиллаж буй АН-ын удирдах зөвлөл саяхны хуралдаанаараа хамтран засаг барьж буй МАН-тай хамтран ажиллахаас татгалзаж, нэг үгээр засгаасаа хөөсөн. Энэ асуудал өчигдрийн гол сэдэв болж, УИХ дахь намын бүлгүүд бүгд л энэ асуудлыг цаг сунган хэлэлцэж, МАН-ын бүлэг ч шийдвэрээ гаргахаар бүтэн өдөржин хуралдлаа. “АН-ынхан МАН-ыг Засгаас хөөсөн нь” гэнэтийн зүйл байсан ч гэлээ үүнийг МАН-ынхан ихэд тайвнаар хүлээн авах шиг болов. 

Ажиглагчид “ МАН засгаас гарахгүй хэмээн зүтгэх байх даа” хэмээн тааварлаж байсан ч МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газраас гарах талаар эцсийн шийдвэрээ гаргах нь тэр. 

Ийнхүү МАН-ын удирдлагууд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд намын бүлэг болон Удирдах зөвлөлийнхөө хурлыг хийж Засгаас гарахад бэлэн гэх байр сууринд нэгджээ. МАН-ын дарга М.Энхболд энэ талаар “Хамтран ажиллах гэрээг цуцлахад бэлэн байна. Манай нам 6 сайдын суудалд хоргодоод байх зүйлгүй. Улс орноо хямралт байдлаас гаргахын төлөө ажилласан” гэлээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “МАН цагаан захтнуудыг дэмжих боломжгүй. Тэр хуулиудыг дэмжих боломжгүй учраас АН жудаггүй загнаж ийм санаачилга гаргалаа. МАН-ын 6 сайд нэр төртэй ажилласан. Нэр төртэйгөөр ажлаа хүлээлгэж өгөхөд бэлэн байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

Ингэснээр АН-ынхан дангаараа засаг барих уу, өөр нам эвсэлтэй хамтрах уу, эсвэл МАН-ын зургаан сайд хэвээр үлдэх үү гэдэг бас л таамаг болоод байна. 

Гэхдээ энэ дашрамд нэг зүйлийг сануулахад, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хоёр сарын өмнө тавьсан билээ. Тэд эл суудлыг олны өмнө гаргаж тавьсан ч 19 гишүүний гарын үсэг цуглуулж чадаагүй учир өдийг хүртэл таг чиг байсан. Гэхдээ энэ асуудал хэвээрээ байгаа гэдгийг өчигдөр О.Баасанхүү гишүүн сануулав.

ТэгэхээрМАН-ын зургаан сайдыг Засгийн газраас гаргах асуудал хөндөгдсөн энэ үед энэ асуудал дахин сөхөгдөж, МАН-ынхан гарын үсгээ нэгтгэхгүй гэсэн баталгаа алга байна. 

Яагаад гэхээр, өмнө нь “МАН-ын гишүүд анхнаасаа АН-аас нэг гишүүн гарын үсэг зурвал бид зуръя гэж байсан ярьж байсан талаар О.Баасанхүү гишүүн ярилцлага өгөх үеэрээ хэлж байв.

Тэгэхээр О.Баасанхүү тэргүүтэй гишүүдийн хүсэл биелэхгүй гэсэн баталгаа ч алга байна.

Юу болохыг хүлээх л үлдлээ дээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button