Ойн түймрийн улмаас 8000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Канадын Саскачеван мужид гарсан ойн түймрийн улмаас 8000 гаруй иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Тэдний 5000 гаруй нь түймрээс 100 гаруй километрийн зайд байх Колд Лейк хотод түр байрлаж байгаа юм байна.
Саскачеван мужийн Ерөнхнй сайд Брэд Уолл нүүлгэн шилжүүлэх ажиллагаа дуусаагүйтэй холбогдуулан цэргийнхний тусламжийг дайчлах асуудлыг хөндсөн байна. Канадад сүүлийн өдрүүдэд ойн түймрийн тоо огцом нэмэгдэж, Монреаль лейк зэрэг муж онцгой байдал зарлахад хүрсэн бөгөөд Ла Ронж хотод гаднаас очихыг хоригложээ.
Тус улсын ой хамгаалах албаны мэдэгдсэнээр, одоогийн байдлаар 114 ойн түймэр асаж байгаа бөгөөд ер нь жил бүр дунджаар 1.6 сая га талбай түймэрт шатдаг юм байна. Үүний улмаас улсын төсвөөс жил бүр 400-800 сая ам.долларын зардал гаргах шаардлагатай болдог гэнэ. Нийт гарч байгаа түймрийн 65 хувь нь хүний буруу үйл ажиллагаанаас болж гардаг ажээ. Харин ОХУ-д энэ үзүүлэлт 90 хувьд хүрдэг байна.