Ц.Элбэгдорж: Алдаа гээд орхисон муу зүйлээ дахиж давтах хэрэггүй
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая намын удирдлагуудтай уулзаж сүүлийн үед үүсээд байгаа Засгийн газрын асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл, МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ыг төлөөлж Н.Батцэрэг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар оролцсон байна.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Сүүлийн хэд хоногт үүссэн асуудлыг нэлээд харж суулаа. Энэ Засгийн газартай холбоотой үүссэн асуудал сайн зүйл рүү хүрэхгүй учраас үндсэн таван чиглэлээр өөрийн байр суурийг илэрхийлье” гэж бодлоо гэсэн юм.
Тэрбээр дараах байр суурийг илэрхийллээ.
– МАН-ыг Засгийн газраасаа гаргана гэдэг бол юун түрүүнд хууль зөрчсөн асуудал. Учир нь 1990 онд Үндсэн хуульд байсан “Нам бол нийгмийг удирдан чиглүүлэгч” гэсэн заалтыг авсан. Тэгэхээр аль нэг намын хүсэлтээр Засгийн газрыг халж солих асуудал байж болохгүй. Тэгээд ч Засгийн газрын гишүүдийг халах асуудлыг арван хүн сууж байгаад шийдчихгүй.
– Хариуцлагатай байх ёстой. Анх хамтарсан Засгийн газар байгуулахдаа дахиж ийм тогтворгүй байдал үүсгэхгүй гэж амласан. Би саяхан намын дарга нартай уулзаж тогтвортой байдлын тухай ярьсан. Тэгээд ч хариуцлагатай баймаар байгаа бол сайд нарыг огцруулах биш харин УИХ-аар Улс төрийн намын тухай, Төрийн албаны тухай хуулийн төслүүдийг батла.
– Алдаа гээд орхисон муу зүйлээ дахиж давтах хэрэггүй. Ард түмэн хүүхдүүд биш учраас та нарын юу хийж ямар шийдвэр гаргахыг харж байгаа.
– Одоо ажлаа бодъё. Энэ Засгийн газрыг буулгалаа гэж бодоход үүнээс илүү Засгийн газар гарч ирэхгүй. Ерөнхий сайд нь гадаадад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх уулзалтууд хийгээд ирж байхад эзгүйд нь хулгайгаар ч юм шиг ийм үйлдэл хийснийг сайшаахгүй байна. Төр бол нэг л эзэнтэй байх ёстой. Ард түмний дундаас сонгогдсон нэг л хүнтэй. Тийм учраас та нар миний хэлсэн үгийг зүгээр нэг өнгөрөөх биш чиглэл болгох ёстой. Тэгээд одоо өрнөж байгаа энэ үйл явц Засгийн газрыг огцруулахад л хүргэнэ.
– Ерөнхий сайд санаачилгыг гартаа авах ёстой. Сайд нарынхаа асуудлыг Ерөнхий сайд л шийдэх ёстой. Түүнээс биш намаас гарсан шийдвэр юм чинь би яах вэ дээ гэсэн байдлаар хандаж болохгүй. Энэ бүх тодорхойгүй байдал чинь ард түмний нуруун дээр ачаа болж ирнэ.
Ийнхүү Ерөнхийлөгч намуудыг сонгуулийн ажил хийлгүйгээр ажлаа л хийх ёстой гэв.
Г.Уянга
Olloo.mn