Намын эрх ашиг чухал уу, улс орны эрх ашиг чухал уу
Улс төрийн байдал яаж эргэх нь тодорхойгүй байна. Гэхдээ улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлыг авч үзэхэд МАН засгаас гарах асуудал нь орхигдож, зөвхөн тус намын зургаан сайдын түвшинд хариуцлага яригдаад өнгөрч магадгүй байна. Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намын дарга болон Ерөнхий сайд намын дарга нарыг хүлээн авч уулзахдаа тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Ерөнхий сайд санаачилгыг гартаа ав. Сайд нарынхаа асуудлыг Ерөнхий сайд л шийдэх ёстой. Түүнээс биш намаас гарсан шийдвэр юм чинь би яах вэ дээ гэсэн байдлаар хандаж болохгүй” гэдгийг сануулсан.Мөн Засгийн газрын танхимд сэлгээ хийхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эхний ээлжид парламентад суудалтай бүх намууд учраа олох хэрэгтэй. Үүний дараа би эрх үүргийнхээ хүрээнд ажлаа хийнэ. Зургаан сайдыг огцруулах асуудлыг би УИХ-д оруулахгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн МАН-ын зургаан сайдыг огцруулах эсэх асуудалд МҮАН-ын дарга М.Энхсайхан, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл нар сайд нарыг огцруулах нь буруу гэсэн Ерөнхийлөгчийн санаатай ижил байгаагаа энэ үеэр дуулгажээ. Тухайлбал, МҮАН-ын дарга М.Энхсайхан “Энд төр нь дээр үү, нам нь дээр үү гэдэг асуудал үүсээд байна. Зөвхөн АН-ын шийдвэрээр Засгийн газрын асуудлыг ярих нь буруу гэж бодож байна” хэмээн бас л учиртай үг хэлсэн.
Гэвч МАН-ын дарга М.Энхболд “Өнгөрсөн оны 11 дүгээр сард УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар манай бүлгийн хуралд орж ирэн долоон цаг гаруй ярьж байж Засагт хамтрахаар болоод манай зургаан сайдыг авсан. Гэтэл одоо зургаан сайдыг маань яах нь тодорхойгүй хаях болчих гээд байна. Тийм учраас Ерөнхий сайдыг манай сайд нарын асуудлыг өөрөө УИХ-д оруулж ирэхийг хүсэж байна” гэхэд АН-ын дарга З.Энхболд “ Манай нам Засгийн газрыг огцруулахгүй гэдэгт Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа. Харин сайд нарыг солих асуудал бол хууль зөрчихгүй. Тэгээд ч МАН өнгөрсөн оны 12 дугаар сараас хамтарч ажиллаж эхлэхдээ ямар ч сонгууль хийхгүй гэж байсан хэдий ч зөвхөн сонгуулийн л ажил хийж байна” гэсэн. Намуудын дарга нарын Ерөнхийлөгчтэй уулзсан уулзалтын үеэр хэлсэн үгүүдээс харахад, улс төрд үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг хэрхэн шийдэж, цаашид Засгийн ажлыг царгалдуулахгүй явуулах эрх үүрэг Ерөнхий сайдад ирж байна. Гэхдээ МАН засгаас гарах хийгээд зургаан сайдын асуудлыг шийдвэрлэхийн тулд юуны түрүүнд Улс АН, МАН эхлээд учраа олох шаардлага гарч ирж байна.
Ер нь бол энэ үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад намууд ямар шийдвэр гаргана, тэрхүү шийдвэрээс “энэхүү намын эрх ашиг чухал уу, улс орны эрх ашиг чухал уу” гэдэг тухайн намуудын байр суурь харагдах нь.
olloo.mn