Баяр наадмын өдрүүдэд л 32-37 хэм хүрч хална

Сүүлийн үед цахим сүлжээнд долдугаар сарын цаг агаарын мэдээ гэх 30- 35 хэм хүрч халах нь гэсэн зураг цацагдаж иргэдэд тааламжгүй ойлголт өгч байгаа. Тэгвэл энэ талаар Ус цаг уур орчны Судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэргэжилтэн Ч. Сарантуяагаас тодрууллаа.

 

-Долдугаар cap нэлээд халах төлөвтэй байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?

 

-Манай оронд зуны саруудаас хамгийн дулаан нь долдугаар cap байдаг. Энэ сарын ерөнхий төлвөөр агаарын температур монголын ихэнх нутгаар дулаан байх болно. Тухайлбал, баруун аймгуудын хойд хагас, төвийн бүс нутаг, зүүн аймгуудын баруун хэсгээр олон жилийн дунджаас дээд тал нь 1.5 хэм хүртэл дулаан байна. Өмнөд говийн нутгаар нормынхоо хэмжээнд буюу олон жилийн дунджийн хэмжээнд байх юм. Энэ сард орох хур тундасны хэмжээний хувьд монголын ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим буюу түүнээс бага бороо хуртай байх төлөвтэй байна.

 

-Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх бол. Баяр наадмын өдрүүдэд хэр их халах вэ?

 

-Долдугаар cap гараад 4-6 хоног ихэнх нутгаар халж байна. Өнгөрсөн долоо хоногт Төв, Сэлэнгийн нутгаар 33-39, говийн нутгаар 28-34 хэм хүрч халлаа. Ойрын өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш нутгийн зүүн хагас, ялангуяа дорнод монголын тал Дарьгангын нутгаар халуун байх төлөвтэй. Харин энэ сарын 08-нд нутгийнхаа хойд хэсгээр 9-10 нутгийн зүүн хэсгээр сэрүүвтэр байна. Түүнчлэн 10-нд баруун аймгуудын нутаг буюу төвийн нутгийн баруун хэсгээр 11-12-нд нутгийн төв болон зүүн хагасаар хална. Энэ үеэр ихээхэн халдаг нутгаар буюу төвийн бүс нутаг, говийн бүс, зүүн дорнод монгол, Дарьгангын нутгаар өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар 27- 32 хэм хүрч халах төлөвтэй байгаа. Тиймээс баярын эхний өдрүүдэд наршихаас болгоомжлох хэрэгтэй.

 

 … Ер нь дэлхийн хэмжээгээр улс орнуудын цаг уурыг урьдчилан мэдээлэх томоохон төвүүд байдаг. Дэлхийн хэмжээний цаг агаарын төлөв байдлыг гаргадаг. Тэгэхээр цахим сүлжээгээр янз бүрийн орны загварын үр дүнгийн төлөв байдал явдаг…

 

-Баяр наадмаас хойш буюу сарын дунд үеэс бороо хур хэр орох вэ?

 

-Долдугаар сарын дунд үеэс сэрүүснэ. Гэхдээ сарын 20-ны үеэр буюу 34 хоног өдөртөө бага зэрэг халах төлөвтэй байна. Цаашдаа гуравдугаар 10 хоногийн дунд үе болон сарын эцсээр бороо хур орж, сэрүүсэх төлөвтэй. Хур тундасны хувьд өнөөдөр /өчигдөр/ нутгийн төв хэсэг говийн нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын баруун хэсгээр энэ сарын 8-нд говийн нутгаар, 9-10-нд нутгийн зүүн хагасдаа бороо орно. Дуу цахилгаантай борооны өмнө салхи түр зуурын хүчтэй ширүүсч болзошгүй байна. Долдугаар сарын дунд үе буюу 11-нд баруун зүгийн нутаг, 12-нд нутгийн баруун хагас, 13-14 -нд нутгийн төв болон зүүн хэсгээр нэлээн борооших төлөвтэй байгаа.

 

Өнөөдрийн харж байгаа зурган мэдээллээс харахад энэ сарын дунд үе буюу баяр наадмын сүүлийн хоногуудад бороо хур ахиухан орж болзошгүй байгаа. Ялангуяа төвийн бүс нутаг, хангайн уулархаг нутгаараа их хэмжээний бороо устай байх төлөв ажиглагдсан. Цаашдаа сарын сүүлийн 10 хоногийн дунд үе болон 20-ныг гартал бороо бага зэрэг багасна. Гуравдугаар 10 хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар бороо орно. Сарын сүүлчийн хоногуудад дуу цахилгаантай түр зуурын бороо орох төлөвтэй байгаа. Иргэддээ анхааруулж хэлэхэд зургадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр нэлээн халж, газар хуурайшилттай байх нь. Бороо орохдоо ширүүн, дуу цахилгаантай, усархаг аадар орох магадлалтай байгаа. Тиймээс баяр наадам үзэж яваа, амарч зугаалж яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжлох хэрэгтэй.

 

-Энэ сард бүх өдрүүдэд 30-35 хэм хүрч хална гэсэн зураг цахим сүлжээгээр цацагдаад байгаа. Ямар учиртай зураг юм бол?

-Ер нь дэлхийн хэмжээгээр улс орнуудын цаг уурыг урьдчилан мэдээлэх томоохон төвүүд байдаг. Дэлхийн хэмжээний цаг агаарын төлөв байдлыг гаргадаг. Тэгэхээр цахим сүлжээгээр янз бүрийн орны загварын үр дүнгийн төлөв байдал явдаг. Тэгэхээр тухайн орон нутгийн өөрийнх нь байгууллага гаргаж байгаа мэдээлэл хамгийн үнэмшилтэй буюу таарц нь өндөр байдаг. Тиймээс иргэд манай Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн орчны урьдчилан мэдээлэх төвөөс гаргаж, тав хоногийн мэдээ болон цааших төлвийн мэдээллийг www.tsag- agaar.gov.mn сайтаас харж байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

 

Монголын мэдээ

Ж.Отгон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button