А.Сүхбат: Дархан аварга цолыг үнэ хүндгүй болгох, эрэмбийг нь буулгах эрх надад байхгүй
Улсын баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Наадам тулсан энэ үед хоёр Дархан аваргын хэн нь зүүний магнайд гарах асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа. Хоёр аварга хоёулаа л зүүний магнайд гарна хэмээн байр сууриа илэрхийлж байна. Харин Үндэсний Бөхийн холбоо асуудлаа шийдэж чадахгүйд хүрч, баяр наадмын комисс руу шидсэн. Гэсэн ч шийдвэр нь хууль, журмаа л дагана гэсэн бөөрөнхий шинжтэй гарсан юм. Амжилтаар нь эрэмбэлнэ гэсэн журам дагах уу. Дархан аварга цолтныг эрэмбэлэхгүй гэсэн журмаараа явах уу гэдэг нь ч тодорхой биш байгаа юм. Тэгвэл өчигдөр Дархан аварга А.Сүхбат зарим бөх судлаачдын хамтаар хэвлэлийнхэнд хандлаа. Энэ үеэр түүнтэй ярилцсан юм.
-Баяр наадмыг зохион байгуулах хорооноос журмаа дагана гэсэн шийдвэр гаргах шиг боллоо. Энэ шийдвэрийн дараа та хэвлэлийнхэнд хандаж байна. Чухам ямар байр суурьтай байна вэ?
-Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бид улсын баяр наадамдаа барилдах гээд, бэлтгэл сургуулилтаа хийгээд байж байна. Хурдан морь, бөх хоёр торгон ирэн дээрээ ирчихсэн хариуцлагатай өдрүүд үргэлжилж байгаа. Сүүлийн үед Г.Өсөхбаяр аварга бид хоёрын хэн нь зүүнд гарах тухай маш олон санал, шүүмж гарлаа. Энэ бүхнийг би 20 орчим хоног харж явлаа. Эрэмбийг хэн нэгэн хуйвалдаад, эрх мэдлээр далайлгаад авчих вий гэж болгоомжилсны үндсэн дээр энэ хэвлэлийн хурлыг хийж байгаа юм.
Та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмын хууль өөрчлөгдсөний дагуу Далай аварга цолыг чимэг болгосноор Г.Өсөхбаяр аварга бид хоёр Дархан аварга болох нь тодорхой болсон. Ингээд 2014 оны долдугаар сарын 7-нд Өсөхөө аварга бид хоёрыг дуудаж, есөн хөлт цагаан тугийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж, гардуулсан. Дархан аварга цол өгсөнд би үнэхээр их баярлаж, төр засаг, ард түмнийхээ хайрласан энэ их өндөр цолыг бахархалтайгаар хүлээж авсан.
Биднийг таяг тулчихаагүй байх насанд энэ цолыг гардууллаа гээд баярлаж явсан. Дархан аварга цол хүртсэнээс дөрөвхөн хоногийн дараа баяр наадам болж, би барилдсан. Гэтэл 11-ний өглөө зүүний магнайд Г.Өсөхбаяр, барууны магнайд А.Сүхбат гарна гэж зарласан. Би гайхаад, хөтлөгч нь буруу зарлачихав уу гэж бодсон. Гэтэл наадмын комисс, бөхийн салбар хороо, үндэсний бөхийн холбооны хүмүүс эрэмбийг өөрчилсөн байсан. Өнөөдрийг хүртэл Баяр наадмын комисс, Бөхийн холбоо цол чимгийг алдагдуулж, зөрүүлж байсан тохиолдол байдаг юм уу гээд судалж үзлээ. Тийм алдаа гараагүй байна.
ТББ-ын дархан эрх, цол, чимэг олгодог ажлыг төр хариуцаад авчихсан байдаг. Үндэсний их баяр наадмын хуулиар бөхчүүдэд цол, чимэг олгодог ганц эрхтэй хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Ерөнхийлөгч зарлиг буулгаж, цол, чимэг олгоно, бас эрэмбийг нь тогтоодог юм. Далай аварга чимгийг Байнгын хороогоор өргөн бариад, УИХ-аар хэлэлцүүлээд, Ерөнхийлөгчийн тамгын газар асуудлыг судалсан байх. Миний хувьд их гайхаж байна. Энэ сайхан цол авчихаад, өөрийнхөө хөлс хүч, хөдөлмөрийг үнэлүүлчихээд, гэнэтхэн би буруутан болчихсон юм шиг. Хүний цолыг булаагаад авчихсан юм шиг эвгүй сэтгэгдэлтэй жил орчим амьдарлаа. Үүнийг нэг тийш нь болгож өгөөч ээ л гэж байгаа юм.
-Тэгээд журмаараа явна гээд шийдчихээд байгаа юм биш үү?
-Төр засаг, ард түмний хайрласан энэ цолыг аваад явж байтал гэнэтхэн л эрэмбэ зөрчсөн, хүний эрэмбийг булаагаад авчихсан юм шиг байдалд хүрчихлээ. Журмаараа явна л гээд байгаа. Ямар журам юм. Яаж шийдэх гээд байгаа нь тодорхой биш л байна шүү дээ. Би энэ асуудлыг нэг тийш нь болгож өгөөч гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хандсан.
Одоо болтол хариу нь ирээгүй л байна. Баяр наадмын комисс, бөхийн салбар хороо Г.Өсөхбаяр аваргыг зүүний магнайд гаргана. А.Сүхбат аваргын дээр эрэмбэлнэ гэсэн мэдээлэл маш их гарч байгаа. Бөх сонирхогчид, ард түмэн энэ асуудалд их л бухимдалтай хандаж, хоёр талцсан байдалтай байна. Үүн дээр би тодорхой хариу өгье. Намайг улсад гурав түрүүлсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Харин Г.Өсөхбаяр аварга дөрөв түрүүлсэн.
Тийм болохоор эрэмбээрээ Г.Өсөхбаяр аварга дээр нь бичигдэх ёстой гэсэн мэдээлэл байнга явж байна. Гэтэл 2000 онд би Г.Өсөхбаяр аваргын дор эрэмбэлэгдэж байсан. Зургаан залуу заан гэгдэж явах үед Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр, Б.Гантогтох, Д.Сумъяабазар, А.Сүхбат, Б.Ганбат гэж эрэмбэлэгддэг байсан. Би энэ таван заанаасаа тасарч барилдаж, 2000 оны Ардын хувьсгалын 79 жилийн ойн баяр наадмаар ес давж, Монгол Улсын арслан гэдэг цол хүртсэн. Хүн бүр мэдэж байгаа. Харин 2001 онд Улс хувьсгалын 80 жилийн ойгоор арслан цолтой барилдсан. Ес давахад намайг Монгол Улсын аварга цолыг хүртлээ гэж зарласан. Тэр үед 10-ны даваа үнэлгээгүй байсан. Би Б.Бат-Эрдэнэ аваргыг давж түрүүлсэн.
Ингээд 10-ын давааг үнэлэхгүй явж байтал 2006 онд Д.Сумъяабазар аварга 10 давж түрүүлсэн. Тэр наадмын дараа 2007 оны өвөл нь УИХ-ын хурал дээр яриад, А.Сүхбат аваргад Даян аварга цолыг нь өгөхгүй бол Д.Сумъяабазар аваргын 10 давсан амжилт асуудал дагуулах нь гэсэн. Улмаар 2007 оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр гуай надад Даян аварга цол өгсөн. Ингээд явж байтал Далай аварга цолыг чимэг болж хувирах үед Г.Өсөхбаяр аварга бид хоёрын Дархан аварга цолны асуудал яригдсан. Энэ үеэс эхлээд эрэмбэний асуудал гарч ирсэн юм.
-Та тэгвэл эрэмбийн асуудал дээр өөрийнхөө зүгээс тодорхой тайлбар хийгээч. Хүмүүс янз бүрээр л ярьж, маргаад байгаа шүү дээ?
-Г.Өсөхбаяр аварга миний дээр эрэмбэлэгдлээ гэж үзье. Ингэхээр их сонин зүйлүүд гарч ирээд байна. 2006 онд би энэ нөхдүүд миний цолыг өгөхгүй нь, бөхийн шинэчлэлийг хийхгүй бол асуудал хэцүү болох нь гэж шийдээд зодог тайлсан. 2006 оноос хойш А.Сүхбатын амжилт гэж байхгүй шүү дээ. Барилдаагүй юм чинь яаж байх юм. Харин 2006 оноос өмнөх амжилтыг тооцож үзвэл би 2004 онд Дархан аварга цолны болзол биелүүлсэн. Хэрвээ Г.Өсөхбаяр аваргыг миний дээр эрэмбэлнэ гэвэл 2004 оноос өмнөх жилүүдийн амжилтыг тооцох болчихоод байгаа юм. Би Г.Өсөхбаяр аваргын дараа эрэмбэлэгдэе гэх юм бол бас сонин.
Өсөхөө аварга 2009 онд Дархан аварга цолны болзол хангасан. Тэгэхээр би 2010 оноос амжилт гаргасан болж таарч байгаа юм. Ийм л авцалдаагүй юм болчихоод байна. Монгол бөхийн Дархан аварга эрэмбэлэгдэхгүй гэсэн хууль дүрэмтэй. Арван даваатай наадамд түрүүлэхээр хоёр наадамд түрүүлсэнд тооцож, цол олгоно гэсэн дүрэм журам бас байгаа. Энд нэг жишээ авъя. 90 жилийн ойн баяр наадмаар түрүүлсэн С.Мөнхбат аварга байна. Энэ хүн бол харцага цолтой л 90 жилийн ойд зодоглосон. Улмаар 12-ны орой гэхэд Монгол Улсын аварга цол хүртсэн. Тэр үед Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат гэсэн хоёр бөхөд хоёуланд нь арслан цолтоны үнэмлэх гардуулчихаад 10-ын даваанд барилдуулсан.
Ингээд С.Мөнхбат түрүүлж, аваргын болзол хангасан. Сүүлийн үед ингэж зохицуулж байгаа. Хэрвээ 95 жилийн ойн баяр наадамд 1024 бөх барилдуулаад, С.Мөнхбат аварга түрүүлэх юм бол Монгол Улсын Дархан аварга цолтон болно. Баяр наадамд хоёр түрүүлсэн мэт харагдах боловч дөрвөн удаа түрүүлсэн юм шиг цол хүртэх боломжтой болчихсон. Ингэж л цол олгох хууль баталчихаад байгаа шүү дээ. Хэрвээ үүнийгээ больё, 10 давсан ч нэг түрүүгээр тооцъё гэвэл Д.Сумъяабазар, С.Мөнхбат аварга тэргүүтэй олон бөхийн асуудал хөндөгдөх болчихоод байгаа юм.
Хэрвээ бөхчүүдийг зөвхөн л амжилтаар нь эрэмбэлнэ гэвэл Баяр наадмын комисс, Бөхийн холбооны шийдэх асуудал энэ биш. Тийм л их мэргэжил тал руу оруулъя гэвэл Монгол бөхийн холбооны Их эеийг хуралдуулах ёстой. Шийдэх ёстой олон асуудал байна. Өнөөдөр найраа энэ тэрээр аваад, хэрүүл маргаан болоод байгаа цолыг чинь Ерөнхийлөгч өгдөг юм. Тэгэхээр Үндэсний Бөхийн холбоо гэж байхгүй болоод, төрийн харьяанд оччихвол яадаг юм. Өнөөдөр бөх гэдэг баяр наадмын ёслолын арга хэмжээний нэг хэсэг болчихсон байгаа. Энэ мэтээр асуудал их байна. Үүнийг л нэг тийш болгоё гэж санаа оноогоо илэрхийлж байгаа юм.
-Таны бэлтгэл сургуулилт хэр хангагдсан бэ. Наадамдаа барилдахаар бүртгүүлсэн биз дээ?
-Энэ жил бэлтгэл сайтай байгаа. Барилдана гээд ард түмэндээ амалчихсан. Төр, түмнийхээ хайрласан өндөр цолыг хүндэтгээд, цолныхоо эрэмбийг бууруулахгүй. Эрэмбэндээ гарч барилдана аа, наадамдаа. Маргааш /өнөөдөр/ очиж бүртгүүлнэ.
-Дархан аварга цолтныг эрэмбэлэхгүй гэсэн заалт байгаа. Энэ заалтын талаар та дурьдсан. Баяр наадмыг зохион байгуулах комисс энэ заалтаа яагаад дагахгүй байгаа юм бол?
-Энэ бол уг нь яриад байх асуудал биш шүү дээ. Шийдэгдчихсэн асуудал. Шийдэгдчихсэн асуудлыг цаг зав гаргаад яриад, бөөн шуугиан болгоод байх хэрэггүй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч эрэмбийг нь тогтоогоод, зарлиг гаргасан. Тийм л гомдолтой байгаа юм бол Монгол Улсын Ерөнхийлөгч буруу зарлиг гаргажээ гээд шийддэг газруудаар нь шийдүүлэхгүй яасан юм бэ.
Битгий наадам дөхөхөөр ингэж яваад байгаа ч ээ. Монголын Үндэсний бөхийн холбоо бол хоёр хүний асуудлыг шийдэх гэж биш нийт бөхчүүдийнхээ төлөө явах ёстой газар шүү. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой. Төр яагаад энэ асуудал дуугарахгүй байгаа юм бэ. Би баяр наадам сайхан болоосой, хэл амгүй байгаасай гэж бодож байна. Би өөрөө хичээх ёстой.
Төрийн наадмаа чимж, эрэмбэндээ гарч барилдана гэдэг миний 30 жил хөдөлмөрлөсөн хөдөлмөр шүү дээ. Би 30 жил дэвжээнээсээ буугаагүй. Зодог тайлсан ч гэсэн би дасгалжуулагчийнхаа ажлыг хийгээд, шавь нартайгаа хамт бэлтгэл хийгээд л явж байсан. Энэ бол миний мэддэг, чаддаг ажил. Баяр наадмаа сайхан болгох, мэддэг, чаддаг бүхнээ хойч үедээ үлдээх ёстой үүрэг хүлээсэн хүмүүсийг хооронд нь яс хаяад байх хэрэггүй л дээ. Дээрээс нь үүнд асуудал өгөөд яваад байх ч шаардлага байхгүй.
-Г.Өсөхбаяр аваргыг зүүний магнайд гаргана аа гээд бүр шийдчихлээ гэж бодъё. Хэрвээ тэгсэн тохиолдолд та яах вэ?
-Би түрүүнд хэлсэн. Би энэ цолыг өөртөө өгчихсөн юм биш шүү дээ. Нэг сайхан өдөр намайг Төрийн ордонд дуудаад, энэ цолыг гардуулсан. Тийм болохоор Дархан аварга цолыг төр, түмний минь хайрласан өндөр цол хэмээн хайрлаж, хүндэтгэж яваа. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаад, эрэмбийг нь тогтоогоод өгчихсөн. Би 30 жил барилдаж, 30 тонн хөлс гаргаж байж энэ цолыг хүртсэн.
Энэ цол миний хувьд хосгүй үнэтэй зүйл. Төр түмнийхээ хайрласан энэ цолыг үнэ хүндгүй болгох, эрэмбийг нь буулгах эрх байхгүй. Энэ цолны эрэмбийг хэн, хэзээ, яаж өөрчлөх юм бэ гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч л өөрчилнө. 08 тоот Дархан аварга цолны үнэмлэхийг андуурчихсан байна гэдэг юм уу, шүүхийн шийдвэр гараад Г.Өсөхбаяр нь зүүнээ магнайлах ёстой гэсэн тохиолдолд л би асуудлыг хүлээн зөвшөөрнө.
-Г.Өсөхбаяр аварга “Би өнгөрсөн жил наадамчин түмнээ хүндлээд буулт хийсэн. Энэ жил зүүний магнайд гарна” гэж ярьсан байсан. Наадмын өглөө ийм асуудал үүсвэл яах вэ?
-Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёрын асуудал тийм чухал биш. Бид хоёр чинь найз шүү дээ. Энд би нэг зүйл хэлье. Эрэмбийг булааж авдаггүй юм. Наадмын комисс, Бөхийн холбоотой хуйвалдаад, эрэмбийг булааж авдаггүй байхгүй юу. Үүнийг чинь барилдаж авдаг юм. Дахиад хэлье. Би 2004 онд Монгол Улсын Дархан аварга цолны болзлыг биелүүлчихсэн байсан юм билээ шүү. Би заавал зүүн талд гарна гэж муйхарлаж байгаадаа биш шүү. Энэ цолыг үнэгүйдүүлж, дарж, өнгийг нь хувиргах ёсгүй гэж хэлж байгаа юм.
Н.Пунцагболд