"Хэлэлцээр Грекийн талд нээлттэй"

Санхүүгийн нэмэлт тусламж авахын тулд олон улсын зээлдүүлэгчдийн шаардлагыг хүлээн авч, цаашид хэмнэлтэд шилжих эсэх асуудлаар грекчүүд саналаа өгч, санал асуулгын дүн зээлдуүлэгчдийн эсрэг талд гарсан билээ. Санал асуулгын дүн нэгэнт ийм гарсан тул евро бүсийн тэргүүнүүд өчигдөр яаралтай ээлжит бус хуралдааныг Бельгийн нийслэл Брюссель хотноо явууллаа. Франц болон Германы тэргүүнүүд ард иргэдийн саналыг хүндэтгэхээ мэдэгдээд Грект санхүүгийн дэмжлэг дахин үзүүлэх талаар саналаа хэлэхийг бусад талуудад уриалж байна.

 

Евро бүсийн тэргүүнүүдийн уулзалтад Грекийн Ерөнхий сайд А.Ципрас эдийн засгийн хямралаа шийдвэрлэх шинэ төлөвлөгөөгөө танилцуулахаар бэлтгэж байгаа юм. Уулзалт өчигдөр орон нутгийн цагаар 18.00 цагийн үед болжээ. Нөгөө талаар эдийн засгийн байдал улам бүр доройтож буй Грекийн эрх баригчид бэлэн мөнгөний машинуудад /АТМ/ бэлэн мөнгөний хомсдол үүсч байгаатай холбоотойгоор дотоодын банкнуудын хаалгаа барих хугацааг хоёр өдрөөр сунгалаа. Түүнчлэн, гадаад руу мөнгөн гуйвуулга болон данснаас гаргах өдөр тутмын зарлагыг хязгаарлах зэргээр хөрөнгийг хянах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Грекийн Засгийн газар дотоодын банкны удирдлагуудтай тохиролцсон байна. Банкууд өнөөдөр нээгдэх юм.

 

Европын төв банкны хувьд Грекийн банкуудад төлбөрийн чадвараа нэмэгдүүлэхэд нь туслахаа мэдэгдсэн ч, барьцаа, зээлийн нөхцөл тулгамдаж буй асуудал болж байгааг онцлов. Өчигдөр евро бүсийн 19 орны төрийн тэргүүнүүд Бельгийн Брюссель хотноо цугларч яаралтай хуралдааныг нээсэн бөгөөд Ерөнхий сайд А.Ципрас энэ уулзалтын үеэр Грекийн Засгийн газраас гаргасан шинэ саналаа танилцуулжээ. Түүний танилцуулсан шинэ саналын талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч, улсынхаа өрийг 30 хувиар бууруулах шийдлийг тусгасан тухай зарим эх сурвалжууд дамжуулсан юм. Олон нийтийн санал асуулгын дүн гарсны дараа евро бүсийн тэргүүнүүдийн уулзалтаас урьтаж, Парис хотноо Францын Ерөнхийлөгч Ф.Олланд Германы канцлер А.Меркелийг хүлээн авч уулзаж, Грекийн хямралын талаар хэлэлцсэнийг энд дурьдах хэрэгтэй. Энэ үеэр тэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх “хэлэлцээрийн хаалга Грекийн талд нээлттэй” гэдгийг онцдон тэмдэглэсэн тухай дэлхийн мэдээллийн агентлагууд дамжуулав. Харин уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ АМеркель Грекийг хямралаас гаргах шинэ бодлогын нөхцөл нь “хангалттай бус” гэдгийг онцлоод “Тиймээс цаашдаа ч гэсэн бид Грекийн Ерөнхий сайдаас тодорхой санал хүлээж байна. Грекийг дахин хөгжил цэцэглэлтэд хүргэх төлөвлөгөөг” хэмээн тэмдэглэжээ.

 

Түүнчлэн, Евро бүсийн орнууд цаашид ч Гректэй нягт харилцаатай байхыг эрмэлзэж байгаагаа илэрхийлжээ. Дашрамд дуулгахад санал асуулгын дүн гарсаны дараа огцорсон Сангийн сайд Янис Варуфакисын орны хүний нэр өчигдөр олонд зарлагдлаа.

 

Тодруулбал, Грекийн Засгийн газар Гадаад хэргийн дэд сайд эдүгээ 55 настай Эүклид Цакалотосыг дараагийн Сангийн сайдын суудалд дэвшүүлээд байна. Эдийн засагч мэргэжилтэй Цакалотос Европын холбоо болон Олон улсын валютын сан зэрэг байгууллагатай хийх хэлэлцээрийн багийг удирдаж байсан туршлагатай нэгэн аж. Тэрбээр, Голландын Роттердам хотноо төрсөн бөгөөд Их Британид Оксфордын их сургуулийг дүүргэж, эдийн засагч мэргэжлийг эзэмшчээ. Улмаар сургуулиа төгсөөд Афин хотноо нүүн ирж байсан гэнэ. Ийнхүү грекчүүд сонголтоо хийж, хэмнэлтийн хатуу бодлогын эсрэг саналаа өгсөний дараа огцорч буйгаа мэдэгдсэн Сангийн сайд Янис Варуфакисыг СИРИЗА намын гишүүн Цакалотос залгамжлахаар болжээ. Шинэхэн Сангийн сайдаа Евро бүсийн Сангийн сайд нартай зөвшилцөлд хүрч чадна гэж Грекийн Засгийн газар ихээхэн найдлага тавьж байгааг зарим эх сурвалж тэмдэглэлээ.

 

Монголын мэдээ

Б.Даваахүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button