Наадмын гол дүрд А.Сүхбат аварга дахин тоглох бололтой

Өнгөрсөн жилийн наадмын бөхийн барилдаан хэд хоногийн өмнөөс нэлээд хүлээлт үүсгээд байсан билээ. Гэвч наадмын дараа наадамчин олон хамгийн их хүсэн хүлээж байсан үндэсний бөхийн барилдаанаа сайнаас илүүтэй саараар ярьж эхэлсэн. Өнгөрсөн жилийн наадмын барилдааныг өнөөдөр ч ярьсаар байгаа.  Учир нь Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр  наадмын өмнө хоёр Дархан аварга төрсөн, Монгол бөхийн найраа, ёс бус асуудлаас болж зодог тайлаад нэлээд удсан  А.Сүхбат аварга шинэ цолтойгоор эргэн ирж барилдах болсон зэрэг нь олны хүлээлтийг үүсгээд байсан.

Гэвч энэ их хүлээлтийн эцэст наадамчин олон зүлэг ногоон дэвжээндээ эр бяраа гайхуулан уран мэхийг уралдуулан барилдах хүчит бөхчүүдийн барилдаан биш жүжигчилсэн тоглолт маягийн зүйлийг үзэж харсан нь ийнхүү дурсагдах болсон биз ээ. Мөн унасан бөхдөө шаралхан татаж нудрах гэх мэт жудаггүй үйлдлүүдийн гэрч ч болсон юм. Гэвч энэ бүхний эцэст  өнгөрсөн жилийн наадмын гол дүрээр А.Сүхбат аварга тодорсон.Түүний гурвын даваанд Дархан аваргыгаа амлаж авсан нь олон түмний нүдийг орой дээр гаргаж орхисон. Ингээд ч болоогүй амлаж авсан бөхдөө тахимаа өгч, барилдалгүй бууж өгсөн нь төв цэнгэлдэх хүрээлэнд цугларсан наадамчин олны дургүйцлийг багагүй төрүүлж тэд болиоч ээ хэмээн шуугилдаж байснаас харахад А.Сүхбат аваргын энэхүү үйлдэл бөхөө дээдэлдэг ард түмэнд таалагдаагүй нь ойлгомжтой байсан юм.

 А.Сүхбат аваргын энэхүү жүжиг аль нэгийн даваанаас эхэлсэн. Тэрбээр нэгийн даваанаас эхлээд л зүүний манлайд гарч барилдана хэмээн хөлийн цэцээр хэл ам хийн гүйж баяр наадмыг эхлүүлэхгүй нэлээд хугацаа алдсаны дараа Г.Өсөхбаяр аварга бууль хийснээр наадмын бөхийн барилдаан эхэлсэн.  Ингээд нэгийн даваа эхлэхээс өмнө хэл амтай байсан хүчит бөхийн барилдаан эхнээсээ дуусах хүртэл даваа бүрд маргаантай болж дууссан.

Дархан аварга А.Сүхбат  Г.Өсөхбаярыг амлаж авснаа дараа нь тайлбарлахдаа “Дүү аваргаа хүндэлж амлаж аваад барилдалгүй тахимаа өгсөн” хэмээн хэвлэлийнхэнд ярьсан. Яг үнэндээ түүний энэ үгэнд итгэх хүн тун цөөхөн байсан юм. Учир нь нэгийн даваа эхлэхийн өмнө Г.Өсөхбаяр зүүний манлайд очиж зогссон нь А.Сүхбатын дургүйцлийг төрүүлсэн хэрэг. Угийн хэл амтай заргач А.Сүхбат би чамаас түрүүлж ам авдаг, тиймээс эргэлзээгүйгээр би зүүний манлайд гарах ёстой гэдгээ харуулах гэж ийнхүү түүнийг амлаж авсан хэмээн үзэх иргэд харьцангуй олон байсан. Жил өнгөрөхөд тэр нь ч тодорхой болсон. 

Тухайн үед сэргээш хэрэглэсэн, хэрэглээгүй хэмээн олон жил яригдаж ирсэн А.Сүхбатын хувьд бяр чадал нь барагдаж  наадмын дэвжээн дээр сайхан барилдаан үзүүлж чадахгүй болохоороо өөрөө зориуд бууж өгсөн хэмээх иргэд олон байсан. Өнгөрсөн жилийн наадмын дараа улсынхаа их баяр наадамд түрүүлж, үзүүрлэн, шинэ цол хүртсэн Н.Батсуурь, Ш.Жаргалсайхан нар биш Дархан аварга А.Сүхбат болж байсан юм.

Тэгвэл энэ жилийн наадмын гол дүрд ч дахиад л тэр тоглох бололтой. Тоглоод ч эхэлчихсэн. Баяр наадмын комисс, бөхийн холбоо Г.Өсөхбаяр аварга зүүнийг магнайлах ёстой хэмээн шийдвэрээ гаргасан тухай хэлж байгаа. Гэвч үүнтэй зэрэгцээд А.Сүхбат аварга би зүүнийг магнайлна хэмээн хэвлэлийн бага хурал хийсэн. Тэгэхээр энэ жилийн наадмын барилдаан цагтаа эхлэхгүй бас л хугацаа алдах дүр зураг харагдаж байна. Харин энэ     жил Г.Өсөхбаяр аварга буулт хийхгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button