Газрын тухай хуульд нэмэлт орууллаа

Хаврын чуулганы хуралдааны хугацаа дуусах цаг ойртоод буй. Иймээс ч тэр үү ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж буй асуудлыг шуурхайлан баталж байна.

Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн дийлэнхийн саналаар баталлаа. 

Хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн авах буюу солих тухай шийдвэрийг нэгдсэн журмаар гаргаж асуудлыг шуурхай шийдвэрлэж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц болохуйц дараах бүтээн байгуулалтын үйл ажиллагааг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлэх, суурьшлын бүсийг нэмэгдүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулж, аж үйлдвэр, аялал жуучлал, худалдаа үйлчилгээ хөгжсөн, өрсөлдөх чадвартай, хот, сууринг шинээр байгуулж, дэд бүтцийг хөгжүүлэх нөхцөл, боломж бүрдэнэ гэж үзсэн. 

Үүнд,

1/ Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүдийн Азийн хурдны зам /АН3/; 

2/ Рашаант Мааньт чиглэлийн Богдхан төмөр зам;

3/ Богдхан уулыг тойрсон хурдны зам;

4/  Майдар эко хот байгуулах;    

5/ Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа Олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл;

6/ Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах дагуул хот байгуулах;

7/ Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах холимог тээврийн ложистик төв байгуулах;

8/ Шинээр барих олон улсын нисэх буудлын дэргэд Хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болох эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг багтаж байгаа юм.   

Чуулганы хуралдаан Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button