Газрын тосны тухай хуулийн төслийг эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Р.Жигжил танилцуулсан юм.

Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ хууль нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэгдэн батлагдсан бөгөөд уг хуулиар газрын тосны салбар дахь төрийн байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, нөөц ашигласны төлбөр (роялти)-ийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгон зохицуулсан.

Тус хуулиар хуулийн этгээд нь төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг гүйцэтгэх бөгөөд уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг гүйцэтгэх явцад хуулийн тодорхой бус зохицуулалтын улмаас зарим асуудлуудыг үүсгэж байна" хэмээн танилцуулгадаа дурьдлаа.

Ц.Нямдорж гишүүн: Эрлийн шатанд зөвхөн занарт өрөмдөх эрх өгөөд бусдыг нь больё гэж тохирсон юм. Хайгуул эрэл хоёрыг заагладаг ганц үндсэн шалгуур нь өрөм. Эрэл нэртэй хайгуулын өрөм тавиад байхаар утгагүй болчихоод байгаа юм. Занараас бусад ашигт малтмалыг хайхаар өрөм тавихаар оруулж ирэх нь. Хоёрдугаарт, өрөм тавихаар хаана, ямар газарт шинээр байгалийн хий олж, улсад ямар ашиг гарах гээд байгааг хэлж өгөөч. Ажлаа хийж чадахгүй хууль ухаад байдаг ажил руу яваад байна.

Уул уурхайн сайд Ж.Жигжид: Мэргэжлийн байгууллага зайлшгүй өрөм тавихгүй бол болохгүй байна гэж үзэж байна. Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар хийн нөөцийг тодорхойлохын тулд өрөм тавих шаардлагатай гэж үзэж байна. Газрын тосны тухай хууль батлагдсанаар гаднаас бидэнд их санал ирэх болсон. Харин тослог элсний хувьд санал тавиагүй. Нөөцийн хувьд, шатдаг метан хийн нөөц 300 орчим газар 788 тэрбум тонн нөөцтэй гэсэн тооцоо бий“ гэж хариулав. Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж гадныхнаас туслалцаа авч, энэ ажилд Монголын эрдэмтэд экспэртийн байдлаар оролцдог чадвартай болгоход анхаарахыг захиж байв. Хэлэлцүүлэг үргэлжилж байна

.

Х.Болорчулуун гишүүн: Ерөнхий сайд нь өөрсдийн нөөц боломжоо ашиглахгүй, гадагшаа яваад бадар гуйгаад явах юм. Яагаад роялтигаа авахгүй байгаа юм бэ. Үүнийгээ авах ёстой,Уул уурхайн яам. О.Баасанхүү гишүүний хэлсэнчлэн замын асуудал чухал. Мэргэжлийн дагуу зам тээврийн яам замаа аваад ажиллах хэрэгтэй. Үүний дундуур Газрын тосны хэрэг эрхлэх газар ороод байх хэрэггүй.

Г.Баярсайхан гишүүн: Бид нефть, хий, газынхаа нөөцийг нэмэх шаардлагатай. Өнөөдөр монголчуудад нүүрс нь түлээд, халтартаад суух ямар сонирхол байгаа юм бэ. Дэлхий тэр чигтээ газ руу хийж явж байна. Асуудалд бодитой хандмаар байна. Монголд хэдий хэмжээний хий, газ гаргаад байгаа юм. Улаанбаатарчуудын төлөө популизмаа зогсоо. Хийх ёстойг нь хийлгэе.

Ц.Нямдорж гишүүн: Өргөдлийн байнгын хороо юм юманд оролцдогоо больё. Энэ хуулийг дэмжмээргүй байна. Гадны нэг жижиг компаниас болоод хууль өөрчлөхөө больё. Солонгосын компанид газрын хэвлийг өрөмдөх эрх өгөх гээд байгаа юм бол хайгуулын лиценз л өгчих л дөө. Метан хий хайх нэрийдлээр нүүрс олборлох боломж бүрдэж байна. Энийг дэмжих бололцоогүй. Энэ төслийг та бүхэн дэмжихгүй байх гэж найдаж байна гэсэн юм.

Ингээд байнгын хорооны Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхээр санал хурааж, гишүүдийн олонхын саналаар  Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулган үргэлжилж байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button