Г.Өсөхбаяр зүүнийг магнайлна

Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан  баяр наадмын бөхийн барилдааны зүүнийг хэн магнайлах вэ гэдэг асуудал бөх сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан. Энэ асуудлаар сүүлийн үед иргэд хоёр талцаад байсан билээ. Учир нь  А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар хоёул би зүүнийг магнайлна хэмээн байр сууриа илэрхийлээд байсан юм.

Тэгвэл дөнгөж сая Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар Монгол бөхийн өргөөнд хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлаар Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын эрэмбэ, амжилтаас болж үүсэж байгаа маргааныг эцэслэн шийдвэрлэх мэдээлэл хийж, аваргуудын хэн нь зүүнийг магнайлах вэ гэдгийг хэллээ.  Бөхийн холбооныхон хоёр аваргыг дүрмийнхээ дагуу амжилтаар нь эрэмбэлж, Г.Өсөхбаярыг зүүний магнайд гаргах болсноо албан ёсоор мэдэгдлээ.  

Мөн  маргааны эх үүсвэр болоод байсан Ерөнхийлөгчийн Дархан аварга цол олгохдоо өгсөн үнэмлэхийн дугаарын талаар Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж “Миний цол оноох зарлигийн дэс дугаар энд хамаагүй. Та бүхэн дүрэм журмаараа асуудлыг шийд” гэж хэлсэн хэмээв.

Дархан аварга А.Сүхбатын хувьд Ерөнхийлөгч надад 07 тоот үнэмлэх өгсөн тул би зүүнийг магнайлах ёстой, хэрэв Ерөнхийлөгч андуурсан байна гээд надад 08 тоот үнэмлэх өгсөн тэр үед л бууж өгнө хэмээх хатуу байр сууриа илэрхийлж өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар зарим зүйлсийг хэлсэн юм. Харин холбооныхон өнөөдөр А.Сүхбат аваргыг ямар ч баримтгүй худал зүйлс ярьсан гэлээ. 

Ямартай ч баяр наадмын өмнө ард олныг талцуулаад байсан зүүний магнайг бөхийн холбоо ийнхүү шийдвэрлэжээ. Харин үүнийг нь А.Сүхбат аварга  хүлээн зөвшөөрөх эсэхийг харах л үлдлээ. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button