Зуслангийн замын ажил саадгүй үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нар Дамбадаржаагийн уулзвар – Шаргаморьтын төмөрбетон гүүр – Хандгайт чиглэлийн 16.35 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа.
Дамбадаржаагийн уулзвар – Шаргаморьт – Хандгайт чиглэлийн авто замыг 1982-1985 онд барьсан. Ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл урсгал засвар болон шинэчлэлтийн ажил огт хийгээгүй юм. Хойд зуслан чиглэлд суурьшлын бүс ихээр үүссэн бөгөөд зуны улиралд өдөрт 100 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог байна. Энэ замыг өргөтгөн шинэчлэснээр замын техник ашиглалтын түвшин дээшилж, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах боломж бүрдэнэ. Мөн Шаргаморьтоос Хандгайт хүртэлх замын зорчих хэсэг долоон метрийн өргөнтэй байсан бол 9,3 метр, нэг талдаа дугуйн зам, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй болох юм. Уг ажлыг нийт 25100.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэж байна.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр: “Зуслангийн замыг шинэчлэх ажил олон жилийн турш яригдаж, одоо биелэлээ олж байна. Зуслангийн замыг шинэчлэхтэй холбогдуулан 317 айл өрхийн газрыг чөлөөлсөн. Оршин суугчид таатай хүлээн авч бидний ажлыг дэмжиж байгаа. Улаанбаатар хотын зам засварын ажил өмнөх жилүүдээс илүү чанаржиж, ахицтай байгааг Та бүхэн харж байгаа байх. Улсын их баяр наадмын өдрүүдэд зам засварын ажил хийхгүй. Хаалттай замуудыг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж, долдугаар сарын 15-наас эхлэн замын ажлыг үргэлжлүүлэх юм” гэв.
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат: “Энэ жил нийслэлийн хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа зохион байгуулах ажил 84 хувь, гүйцэтгэл 65 хувьтай байгаа нь өнөөдрийн байдлаар маш өндөр үзүүлэлттэй байна. Зуслангийн замын өргөтгөл шинэчлэлт бол маш чухал, энэ бүсийн иргэдийн хүсэн хүлээсэн ажил яахын аргагүй мөн. Улаанбаатар хотын иргэдийн 80 орчим хувь нь зуслангийн бүсээр зорчиж байна. Зуслангийн замыг шинэчилснээр энэ бүсийн барилга, үл хөдлөх хөрөнгө үнэтэй болж, бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх бололцоотой болох юм. Зам нь муу байсан учраас зуслангийн бүсийн хөгжил удааширч байна. Уг байршлуудад авто замын бүтээн байгуулалтын ажил эхлүүлснээс хойш иргэд талархалаа илэрхийлж, таатай хүлээн авч байгаа. Ирэх жилээс нийслэлийн иргэд маань ямар ч саад бэрхшээлгүй зусландаа тав тухтай амрах боломжтой болно” гэлээ.
Зам барилгын ажлыг шуурхай зохион байгуулах үүднээс таван хэсэгт хувааж, авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг дараахь байдлаар хэсэгчлэн хийж байна.
Багц-1 Дамбадаржаагийн цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх 5.0 км авто зам. Гүйцэтгэгч "Тэгш Плант" ХХК болон "Эрдэнэ зам" ХХК-ний түншлэл
Багц-2 Шадивлангийн шинэ уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэлх 4.6 км авто зам. Гүйцэтгэгч "Төгс зам" ХХК
Багц-3 Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэлх 6.75 км авто зам. Гүйцэтгэгч "Наранбулаг-Хан" ХХК
Багц-4 Шаргаморьтын 50 урт метр төмөрбетон гүүрийн барилгын ажил. Гүйцэтгэгч "Мотор Сервис" ХХК
Багц-5 Авто замын гэрэлтүүлэг болон авто замын трасст орсон 0.4 – 10 кВ-ын ЦДАШ зөөх ажил гүйцэтгэх юм гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.