Улс төр амрахгүй нь
…УИХ-ын чуулган ердөө нэгхэн өдрийн дараа завсарлах гэж байна. Гэвч улстөрчид ингээд амарлаа гэсэн үг биш. Ч.Сайханбилэгийн Засгийн газар тогтож чадах уу гэдгээс гадна парламент хэнд үйлчилж, хэний эрх ашгийг хангах хууль батлах вэ гэдэг нь мөн л сонирхол татах асуудал. УИХ наадмаас хойш амрахгүй гэдгээ зарлачихсан. Хамтарч ажилласан хугацаандаа амжуулах байсан хамгийн чухал асуудлуудаа шийдэж чадаагүй. Тавантолгойг намраас өмнө явуулах олонхийн эрх ашиг байгаа. Оюутолгойг цаашид хэрхэн явуулах вэ гэдгээ ч тэд наадмын маргааш шийдэхээ мартахгүй…
Жил жилийн наадмын өмнөх өдөр УИХ-ын чуулган хаалтаа хийж, өдөр өнжихгүй шахам хуралдан, бизнесийн эрх ашигт үйлчлэх баахан хууль бөөндөж баталдгийг эс тооцвол Монголын улс төр хэсэгтээ л амардаг байлаа. Хүн малын зоо тэнийж, монголчууд тэр аяараа л баяр наадмын уур амьсгал ордог дэлгэр зуны цаг үе ирчихлээ. Хэн гэдэг бөхийн бэлтгэл ханасныг хэлэлцэж, аймаг сумын даншиг, ой ар араасаа залгаж, энэ жилийн наадамд өнгөлөх шандаст хүлгүүдийн уяа сойлгын яриа наадамчин олны дунд тархаж байдаг тийм л налгар цаг юмсан. Харин өнөө жил тийм биш байна. Арга ч үгүй. Ердөө л жил хүрэхгүй хугацааны дараа улс төрийн намууд дөрвөн жилийн ажлаа ард түмнээр дүгнүулнэ. Улстөрчид тойрог тойглох ажилдаа гарах цаг нь болчихсон. Ялагдлаа хүлээсэн Ардын намынхан сонгуулийн сурталчилгааны ажилдаа гарч, “Бид хамтдаа” хэмээн уриалж явна. AH, MAXН, МҮАН-ын гишүүд ч энэ хугацаанд зүгээр суусангүй. Энэ зуны наадам, энэ амралт тэдэнд хамгийн том боломж.
Дахиад ийм боломж ч гарахгүй. Хаана наадам болж байна тэр бүхнийг хэсч, хажуугаар нь сонгуулийн сурталчилгаанд ашиглах мөнгө олох ажлаа ч хийх ёстой цаг нь. Наадмын дараа Ч.Сайханбилэгийн танхимаас нэг ч сайд амрахгүй гэдгийг Ерөнхий сайд өчигдөр мэдээлэл хийхдээ онцолсон билээ. Тиймээс наадам болгоны дараа эл хуль оргидог Төрийн ордон амрах завгүй байх нь ээ. Нөгөө талаар өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласан ч аль алиныхаа эрх ашгийг нөхөн чадаагүй МАНАН- ийн бухимдал дээд цэгтээ хүрчихсэн байгаа. Төрийн ордонд нь хоёр нам, Төв цэнгэлдэхэд хоёр аварга нь цэц булаацалдсан, хурдан морьдоо эрлийз, жинхэнээр нь ялгасан тун ч маргаан будлиан ихтэй Үндэсний их баяр наадмаа угтаж байна, бид.
“Засгийн газарт хөдөлгөөн орох нь цаг хугацааны л асуудал”
Сүүлийн нэг сард улс төрд болсон үйл явдал энэ наадмын хачир яриа хэвээр байх нь. Наадмын хуушуур, үзүүр түрүүний бөхийн уран барилдаан ч хүртэл улс төрийн халуун сэдвийг дарж чадахгүй нь ээ гэж дүгнэх гээд байна. Өнгөрөгч баасан гарагт АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн 11 гишүүний гаргасан шийдвэр Төрийн тэргүүнийг хүртэл хэлд оруулсан. Улс төрийн намууд дээр доргүй бужигнаж, хөшигний цаадах улс төр чинээндээ тултал бужигнав. Ерөнхий сайдаа огцруулах гэсэн АН- ын тактик, намынхаа болдоггүй улстөрчөөс салах гэсэн МАН-ын даргын хийсэн улс төрийн тоглолтыг Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд түр зуурхан ч гэсэн намдаалаа.
Өөрөөр хэлбэл, асч буй галыг цурманд оруулж аргацаасан төдий. Ерөнхийлөгч төр нэг л тэргүүнтэй шүү. Үндсэн хуулиас давсан улс төрийн пшйдвэр гаргадаг нам, түүнийг нь дагаж гүйдэг Засгийн газар, УИХ байх ёсгүй гэдгийг эв нэгдлийг хангагч Төрийн тэргүүний хувьд сануулсан. Гэвч тэнд толгой дохиод сууж байгаа ч цаанаа хөх инээд нь хүрч суугаа намын дарга олон байгаа нь тодорхой. Аавдаа загнуулсан учраас хэсэгтээ л чимээгүй байх ч “Наадам өнгөрнө өө. Хүмүүс тарж одно. Тэр цагт заавал санасандаа хүрнэ дээ” хэмээн инээдээ барьж чадахгүй суугаа биз. Улс төрийн ийм тоглолтыг тэд зүгээр ч нэг гаргаагүй. Тиймээс наадмын дараа Ерөнхий сайд өөрөө суудлаа өгөх үү, эсвэл МАН-ын зургаа бас бус АН-ын сайдаа явуулж өөрөө суудлаа хамгаалж үлдэх үү гэдэг ердөө л цаг хугацааны л асуудал болж үлдлээ.
Засгийн газрын хөдөлгөөнд хөндлөнгөөс ажиглалт хийж байгаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нар ч зүгээр суухгүй. Наадмын маргаашнаас л эхлээд энэ бүх улс төрийн хуйвалдаан, улс төрийн намуудын хор найруулах ажил эрчимжих нь тодорхой болоод байна.
Наадмын дараах нам гүмийг парламент ашиглана
УИХ-ын чуулган ердөө нэгхэн өдрийн дараа завсарлах гэж байна. Гэвч улстөрчид ингээд амарлаа гэсэн үг биш. Ч.Сайханбилэгийн Засгийн газар тогтож чадах уу гэдгээс гадна парламент хэнд үйлчилж, хэний эрх ашгийг хангах хууль батлах вэ гэдэг нь мөн л сонирхол татах асуудал. УИХ наадмаас хойш амрахгүй гэдгээ зарлачихсан. Хамтарч ажилласан хугацаандаа амжуулах байсан хамгийн чухал асуудлуудаа шийдэж чадаагүй. Тавантолгойг намраас өмнө явуулах олонхийн эрх ашиг байгаа. Оюутолгойг цаашид хэрхэн явуулах вэ гэдгээ ч тэд наадмын маргааш шийдэхээ мартахгүй.
Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зэрэг З.Энхболдын парламентын хийх чухал, чухал хуулийн төслүүд тоосонд дарагдан хэвтэж байгаа учраас ээлжит бус чуулган хуралдахаар болоод байгаа юм. МАНАН салах, эс салахаас хамаарч эдгээр хуулиудыг ядахдаа л анхны болон хэлэлцэх эсэхийг ярихгүй л бол намрын чуулган руу “шидэгдсэн” хэдэн арван хууль дарааллаа хүлээж байгаа. Эрүүгийн хууль, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай зэрэг нийгмийн хүлээлт болсон хуулиудыг намар хэлэлцэх учраас хоёр толгойгоо хэл ам багатайхан хэлэлцэж авахаа тэд мэдэлгүй яахав. Наадмын дараа иргэд хөдөө гадаа амралтаар яваад, хот бараг л эзгүй болдог. Телевиз зурагт үзэх хүн ч цөөрнө. УИХ-ын баталсан хууль болгонд анхаарлаа хандуулах сөгөөтэй хүн гарахгүй. Хэвлэл мэдээлэл ихэнхи сэтгүүлчдээ амраачихдаг. Тиймээс л энэ үеийг овжин ашиглаж, бизнесийн эрх ашиг “үнэртсэн” хэдэн хуулиудаа баталж авахаа тэд мэдэлгүй л яахав. Ямартай ч монголын улстөрд амралт гэж байхгүй байх нь ээ. Ажлын төлөө зүтгэж, ард түмнийхээ төлөө тэд амрах цагаасаа хомсолдог бол сайхансан. Харамсалтай нь дандаа мөнгө, эрх мэдэл, албан тушаалын төлөө л энэ бүхэн өрнөнө. Арга ч үгүй юм даа. Амрах завгүйгээр албан тушаалаа булаацалдах цаг нь ч ирчихэж дээ. Дараа жилийн сонгууль даанч ойрхон ирчихсэн байна шүү дээ.
Б.Тогтох