Наадмын хонь 90-200 мянган төгрөгийн үнэтэй

Монголчууд наадмаар шөлний хонь гаргаж, хорхог, боодог хийж иддэг уламжлалтай. Тиймээс нийслэлчүүд хотын захад байдаг малын худалдааг зорьсоор хэдэн жилийн нүүр үзэж байгаа билээ. Иймд бид наадмын хонь ямар үнэтэй байгааг сурвалжлахаар “Эмээлт” зах болон Налайх дүүрэгг байрлах малын худалдааг зорьсон юм.

 

НАЛАЙХ ДҮҮРЭГТ ХОНИНЫ ҮНЭ ӨНГӨРСӨН ЖИЛЭЭС ХЯМДАРЧЭЭ

 

Улсын баяр наадам угтан малаа зарж, борлуулахаар орж ирсэн хөдөөгийн малчдад зориулан Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамж гарган “Мал худалдаалах түр цэг”-ийг байгуулжээ. Тиймээс хоёр, гурван жилийн өмнөхтэй харьцуулбал энэ жил малын наймаа нэлээд цэгцтэй болсон байна. Баянзүрхийн товчооны зүүн талд байрлах Налайхын мал худалдаалах цэгт ирвэл зарим малчид малаа портер дээр ачсан байв. Тэнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг зүүн аймгаас малчин иржээ. Хотынхон бид туувраар ирсэн мал туранхай байдаг гэж голж шилдэг. Тэгвэл малчид “Малаа тууж авчрах хугацаа чухал болохоос ачсан, туусан малд чанарын ялгаа бараг байхгүй. Ихэнх нь тарга тэвээрэг сайтай хонь бий” гэж байв. Тиймээс хонь, ямааны үнэ ямар байгааг сурвалжилсан юм.

 

“Өнгөрсөн жил хонины наймаа энэ жилийнхээс үнэтэй байсан. Мөн борлуулалт ч сайн байсан” гэдгийг зарим ченж хэлж байлаа. Тодруулбал, энэ жил шөлний хонь өнгөрсөн жилийнхээс 20 орчим мянган төгрөгөөр хямдарсан гэж байв. Түүнчлэн “Наадам-ойртох тусам шөлний хонь авах хүмүүс нэмэгддэг. Тэр хэрээр хонины үнэ эрэлтээсээ болж хэлбэлздэг гэдгийг зарим малчин хэлж байсан.

 

Тухайлбал  бидний уулзсан Дорнод аймгийн малчин Н.Баяртогтох “Би гурав хоногийн өмнө малаа ачиж ирсэн. Борлуулалт тааруухан байна. Одоогоор эр хонио 170 мянга, төлөг 90-100 мянга, эр ямааг 130-140 мянган төгрөгөөр борлуулж байна” гэв.

ЭМЭЭЛТ ЗАХАД МАЛ ТӨХӨӨРӨХ, ГЭДЭС ЦЭВЭРЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ТӨВЛӨРЧЭЭ

 

Харин хотын баруун зах болох “Эмээлт”-д ирвэл хөл хөдөлгөөн ихтэй угтав. Биднийг очиход “Хэдэн хонь авах вэ. Олныг авбал үнээ сайн буулгана шүү” гэж ам булаалдан угтах малчин цөөнгүй байв. “Эмээлт зах” дээр Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай зэрэг аймгаас малчид ирж малаа борлуулдаг ажээ. Малынхаа наймааг сүрхий цэгцэлж, тусгай хашаанд хашсан учир хотоос хонь, ямаа авахаар очсон хүмүүст малаа шилж сонгоход хүртэл амар болжээ. Харин сүүлдэж ирсэн зарим малчинд хашаа хүрэлцээгүйн улмаас машин дээр малаа ачсан харагдав. Хашааны түрээс гэж өдрийн 5000 төгрөг төлдөг аж. Эмээлт захын хувьд хүмүүсийг татах, бусад малын захаас ялгарах нэг зүйл нь малыг газар дээр нь төхөөрөх, гэдэс арилгах үйлчилгээг нэг дор төвлөрүүлжээ.

 

 Хэрэв эндээс хонь ямаа худалдаж авах бол гэдэс дотрыг нь цэвэрлэж өгөх хүн малчдын хажууд бэлэн байна. Хөлс мөнгөний тухайд арьсыг нь аваад дээрээс нь 5000 төгрөгөөр гэдэс дотрыг нь цэвэрлэж өгдөг юм байна. Мөн цусыг нь хүртэл сонгиноор амталж, цутгаад чанаж идэхэд бэлэн болгоод өгнө гэв. Харин энд Баянзүрхийн товчооны ойролцоох малын захыг бодвол борлуулалт харьцангуй сайн байна. Өвөрхангай аймгийн малчин Д.Ууганбаяр “Би аймгаас ирээд дөрөв хонож байнa 40 хоньтой ирсэн, одоо арваад хоньтой үлдлээ. Би жил бүр мал худалдахаар ирдэг. Энэ жил иргэдийн худалдан авах чадвар тааруухан байгаа ч наадам дөхөөд ирэхээр борлуулалт сайжрах байх” гэв.

 

Эмээлт захад төлөг 80-100, шүдлэн, хязаалан хонь 100-120, нас бие гүйцсэн хонь 160- 200 мянга бол ямааны хувьд борлон  80-130, хязаалан 120-130, сэрх 140-150 мянган төгрөгийн үнэтэй байна. Хонь тарга тэвээрэг, наснаасаа хамаарч 180-200, ямаа 90-130 мянган төгрөгийн үнэтэй байна.

 

Зууны мэдээ

О.Гандолгор, З.Цасанчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button