Цэгцтэй, цэмбэгэр наадаарай
Наадам хаалга тогшиж, монголчууд “өвөл болохыг мартдаг” цаг иржээ. Иргэд улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хүндрэлийг умартан хамаг мөнгөө хонь, хуушуур хоёрт өгөхөөр зэхэж байна. Өнгөрсөн жил эрх баригчид “Үүнийг л баталчихвал эдийн засаг сэргэж сайхан болно” гэж ухуулсаар Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулиа чуулган завсарлахтай уралдан баталж байсан сан. Жил өнгөрлөө, эдийн засаг сайжирсан, үгүйг бүгд мэдэж байгаа. Эдийн засгийн хямрал үргэлжилж, иргэд туйлдаж байгаа гэдэг утгаараа энэ жилийн наадам иргэдийг урьд, урьд жилүүдийнхээс илүү хөлдөө чирч мэдэхээр байна.
Гэтэл улстөрчид Засгаараа тоглох гээд завгүй сууцгаана. Юмны үнэ өссөөр, иргэд зүдэрсээр. Иргэд ядуурч байхад улс нь баяжиж байдаг сонин тогтолцоо бий боллоо. Өнгөрсөн жил 2.2 тэрбум төгрөгөөр наадаж байсан бол энэ жил 2.7 тэрбумаар наадамлаж байна. 2010 онд 642.2 сая, 2011 онд 1.3 тэрбум, 2012 онд 870 сая, 2013 онд 1.5 тэрбум төгрөгөөр наадаж байжээ. Эндээс харахад Монгол Улс жилээс жилд баяжаад байгаа юм пшг. Үнэн хэрэг дээрээ үгүй шүү дээ. Эдийн засаг сайжраагүй байхад төсвийн мөнгийг ингэж зарцуулж болох уу. Баяр ёслолыг элбэг дэлбэг угтвал тэр жилдээ өнгөтэй өөдтэй явна гэж бэлгэшээдэг монгол ёсоо буруутгахгүй. Гэвч зарчим гэж бий.
Улс орны эдийн засаг өсөөгүй, төсөв ашигтай гараагүй л бол наадам, зугаа цэнгэлд зарцуулах мөнгийг өсгөмөөргүй байна. Энэ жилийн төсөв алдагдалтай батлагдсан, эрүүл мэндийн төсөв хоёр, гурван сараар сох дутчихсан байгаа шүү дээ. Эрх баригчид үүнийг ойлгохгүй байна. Монголчууд минь харин хөлд нь үрэгдэв. Наадам хоёр хоног болоод өнгөрнө, амьдрал харин цаашдаа үргэлжилнэ шүү. Одоо байгаагаас илүү хүнд ч үргэлжлэх юм бил үү. Улстөрчдийн уран донгодоо багадаагүй. Хэтэвчиңдээ хал багатайгаар сайхан амарч, наадамлах арга талыг бодолцоорой.
Энэ жил урьд жилүүдээс илүү гантай байна. Наадмын өдрүүдээр аагим халуун байх төлөвтэй. Наадамчид голын хаяа бараадас хийж өнгөрүүлэх нь тодорхой байна. Усанд живэхээс сэрэмжлээрэй. Хогоо ил задгай бүү хаяарай. Архи дарсаа тохируулж хэрэглээрэй. Өнгөрсөн жилийн наадмаар ноцтой хэрэг зөрчил гараагүй, жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцож байсан учир түгжрэл ч бага байсан гэсэн чихэнд чимэгтэй мэдээ сонсогдож байсан. Иргэдийн ухамсар дээшилж байгаагийн жишээ энэ мөн. Гэвч ил задгай хог хаядаг зуршил монгол наадмын өнгө чимгийг бууруулдаг. Монгол Улс ардчилалтай гэж бид сайрхдаг. Тэгсэн хэрнээ өөрөөсөө бусдыг анхаардаггүй хувиа хичээсэн үзэл дээр дооргүй бий. Гэтэл ардчилал гэдэг нэгний эрх чөлөө нөгөөгийн эрх чөлөөгөөр хязгаарлагддаг нийгэм шүү дээ.
Баяр наадмаар тасралтгүй үргэлжилдэг, магадгүй жирийн үеэс ч илүү ачаалалтай хөдөлмөрлөдөг ажил мэргэжлүүд бий. Хот тохижилтынхон баярын өдрүүдэд амсхийх завгүй хөдөлмөрлөдөг. Цагдаа, эмч, нийтийн тээврийн жолооч нар гээд та бидэнтэй адил хүмүүс баярын өдрүүдэд амсхийх завгүй ажиллаж байдаг. Тэднийгээ хүндэлж, ил задгай хог хаялгүй, замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё. Элдэв саваагүй үйлдэл хийх нь зөвхөн өөрт хамаатай асуудал биш гэж ухамсарлан анхаарал болгоомжоо нэмэгдүүлье.
Эдийн засгийн хямралаа мартагнаж сайхан наадья, гэхдээ ардчилалтай байя. Байдгаа барчихгүй наадья. Дэлхий дэлэгнэж амжаагүй ч цаашдаа зуншлага сайхан болно гэж найдаж байна. Монгол түмэн минь сайхан наадаарай.
Н.Пунцагболд