Иргэн та замын хөдөлгөөнд оролцож байхдаа хариуцлага алдвал ямар шийтгэвэр хүлээх вэ

Манай улсад тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд эрчимтэй өсч, 2014 оны байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 674.869 автомашины 61.7 хувь буюу 416.360 автомашин нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа нь замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, хөдөлгөөний эрчим суларч, түгжрэл саатал үүсэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг улам боловсронгуй болгох үүднээсм нэр бүхий гишүүд санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцэн өчигдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг баталлаа. 

Хуулийг шинэчилэн найруулах болсон үндэслэл нь Монгол Улс зах зээлийн нийгмийн харилцаанд шилжсэнээс эхэлсэн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд УИХ-аас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг хуульчлан зохицуулахаар 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийг шинээр батлан гаргасан байдаг. Гэхдээ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш 1998, 1999, 2001, 2003, 2005, 2008 онуудад буюу нийтдээ 6 удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуулийн зохицуулалт, үзэл санаа, агуулга, хамрах хүрээ нь улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн  хөгжил, олон улсын жишиг, Монгол Улсын олон улсын гэрээ,  болон үндэсний зарим хууль тогтоомжид нийцэхээргүй болж хуучирч, мөн сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний нягтрал, осол, хэрэг, зөрчил нэмэгдэх болсон. 

Тодруулбал, Улсын хэмжээнд 2014 онд Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 368 хүн нас барж, 1001 хүн гэмтсэн статистик үзүүлэлт байгаа бол, цагдаагийн байгууллагын танилцуулгаар 498 нас баралт бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас баралт 26,5 хувиар, гэмтсэн хүний тоо 8,0 хувиар өсчээ. 

Иймээс эдгээр тулгамдсан асуудлуудыг улс орны эрх ашиг, нийгмийн хүсэлт, шаардлагад нийцүүлэн эрх зүйн хүрээнд шийдвэрлэхийн тулд холбогдох хуулийг өөрчлөн шинэчилж боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий болсон юм.

Ингээд замын хөдөлгөөнд оролцдоггүй хүн гэж нэг ч байхгүйгээс хойш шинээр батлагдсан Замын хөдөлгөөний тухай хуулийг танилцуулж байна. Эл хууль нь өмнөх хуулиасаа чанга бөгөөд хариуцлага алдсан жолоочийн хариуцлага өндөрсөж байгаа юм. 

Энэхүү хуулийг 2015 оны есдүгээр сарын нэгнээс  эхлэн мөрдөхийг юуны түрүүнд сануулъя. Уг хууль нь 7 бүлэг 55 зүйлээс бүрдэнэ.

-Хүүхдийг зам тээврийн осол, хэрэг зөрчлөөс хамгаалахад бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх бөгөөд 10 наснаас доог настай хүүхдийг заавал харгалзах хүнтэйгээр замын хөдөлгөөнд оролцуулна.

-Согтуу жолоо барьсан жолооч нарын хариуцлагыг чангатгаж оруулж өгөөд байгаа юм. Тухайлбал согтуугаар жолоо барьсан бол хоёр жилээр эрхийг нь хасах, нэг сая төгрөгөөр торгох асуудлыг оруулжээ. Хоёр дахь удаагаа согтуугаар машин баривал гурван жилээр эрхээ хасуулаад, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх юм.

-Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

-Жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангаруулжээ. Тээврийн хэрэгсэл жолоодохдоо хамгаалалтын бүс хийгээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгийн таван хувьтай тэнцэх хэмжээний торгууль оногдуулна.

– Жолоодох эрхийн болон олон улсын жолооны үнэмлэхийг олгох, бүртгэх ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулна.

-Жолооны багшийн үнэмлэх олгох журам, жолооны багшийн үнэмлэхийн загварыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, жолоочийн үнэмлэх олгох журам, жолоочийн үнэмлэхийн загвар, үнийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална хэмээн тус хуульд заажээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button