Цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр сунжирсаар
“6+1” хэмээх нэршлийг аваад буй Иран болон бусад зургаан орны төлөөлөл цөмийн хөтөлбөрийн асуудлаар хуралдаж байна. Гэвч талууд тохиролцоонд хүрэлгүй уулзалт сунжирч, энэ долоо хоногийн турш хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тохирчээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн тав /АНУ, Британи, Хятад, Франц, Орос/ +1 /Герман/ гэсэн зургаан орон болон Ираны төлөөллүүд Австрийн Вена хотноо цөмийн хөтөлбөрийн асуудлаар чуулж байгаа юм.
Удаан хугацаанд үргэлжилсэн уулзалт завсарлах үед ЕХ-ны дипломат төлөөлөгчдийн тэргүүн Федерика Могерини хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үедээ “хэлэлцээр дахиад хэд хоног сунжирах нь” хэмээсэн байна. Нөгөөтэйгүүр, АНУ Иран хориг арга хэмжээний хариу болгон авч хэрэгжүүлж буй баяжуулсан Ураны олборлолтын хэмжээгээ бууруулахаар 2013 оны арваннэгдүгээр сард байгуулсан түр зуурын гэрээний хугацааг маргааш хүртэл сунгаж буйгаа мэдэгджээ. АНУ-ын Засгийн газрын томоохон албан тушаалтны мэдэгдсэнээр тус гэрээний хүчинтэй хугацаа дуусах дөхөж байгаа ч, талууд нэгдсэн тохиролцоонд хүрч чадахгүй байгааг тэмдэглэсэн байна. Хэлэлцээрт оролцогч талууд Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохыг зорьж, хоёр жил орчим хугацаанд байгуулсан хэлэлцээртээ эцсийн байдлаар тохиролцоонд хүрэхийн тулд хэдэн өдрийн турш уулзалтаа үргэлжлүүлсээр байна. Талууд 2013 оноос хойш таван удаа уулзаж байгаа юм.
Тэд гуравдугаар сарын сүүл үе гэхэд хэлэлцээрт тохиролцоонд хүрэх урьдчилсан нөхцөл байдлыг бий болгож, харин зургадугаар сарын сүүл үе гэхэд асуудалд эцсийн байдлаар тохиролцоонд хүрэх зорилготой байсан. Гэвч эцсийн хэлэлцээр эдүгээг хүртэл сунжирсаар байна. АНУ тэргүүтэй орнууд Ираныг цөмийн хөтөлбөрөө энхтайваны үйлсэд зориулахыг шаардаж байгаа бол Иран улсын зүгээс тус улсад тавьсан эдийн засгийн хоригоо цуцлах саналыг тавьж буй билээ. Федерика Могеринигийн хэлж буйгаар талууд урьдын адил харилцан зөрүүтэй байр сууриа өөрчилж чадвал 2013 онд байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт тохиролцоонд хүрэх боломж байгаа гэдгийг онцолж байгаа. Ямартай ч, олон улсын ихэнх ажиглагчид өнөөдөр гэхэд хэлэлцээрт эцсийн байдлаар тохиролцоонд хүрнэ гэж үзэж байна. Дэлхийн олон улс Ираныг энхийн хөтөлбөр нэрийн дор цөмийн зэвсэг бэлтгэж байгаа гэж харддаг бөгөөд хэд хэдэн хориг арга хэмжээг аваад байгаа юм. Он гарсаар Иран, АНУ-ын харилцаа сэргэж байгаа ч, Ираны цөмийн хөтөлбөр болон тус улсын эсрэг авч буй хориг арга хэмжээг цуцлах зэрэг асуудалд тохиролцоонд хүрэх хэлэлцээр бүтэлгүйтсээр байгаа юм.
Б.Даваахүү