Донбассын цахилгааныг таслав
ОХУ Украины зүүн хязгаарыг цахилгаанаар хангахаа зогсоожээ. Украины Эрчим хүчний сайд Володимир Дечишиний мэдээлснээр төлбөрөө төлөөгүйн улмаас ОХУ Украины зүүн хязгаарын Луганск, Донецк мужид цахилгаан нийлүүлэхээ зогсоосон гэнэ. Учир нь Украины тал зүүн хязгаарын цахилгааны сарын төлбөр болох 15 сая ам.долларыг ОХУ-д төлөөгүй юм байна. Өмнө нь Украины ерөнхий сайд Арсений Яценюк өнгөрсөн тавдугаар сард зүүн хязгаарын бүх хангамж, нийлүүлэлтийг зогсоосон юм.
Хэт барууныг баримталсан Киевийн Засгийн газрын эсрэг Украины зүүн хязгаарын Оросыг дэмжигчид жил гаруй хугацаанд тэмцэл өрнүүлж буй. “Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын өлгий” гэж нэрлэгдэх болсон Украины зүүн хязгаар нь Уэльстэй тэнцэх хэмжээний газар нутгийг эзэлдэг бөгөөд 3.5 сая хүн оршин суудаг юм. Украин зүүн талаараа ОХУ-тай 500 км газраар хиллэдэг аж. Украины зүүн хязгаарын зөрчил мөргөлдөөний улмаас оршин суугчид нь дүрвэж, эрчим хүчний хомсдлоос аж үйлдвэрлэл нь зогсжээ.