Герман улсын Бундестагийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр М.Грунд тэргүүтэй Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай айлчлахыг уриад Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Европ тив дэх манай гол түнш орон бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад баяртай байдгаа илэрхийлэв.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Төв Азийн  парламентын бүлгийн дарга М.Грунд, УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдийг цаг зав гарган наадмын өмнө хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ.

Уулзалтад оролцогчид хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар харилцан ярилцаж, санал солилцсон юм.

Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ц.Болор болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button