Төрийн одон медалийг ямар шалгуураар олгодог вэ

Манай улсад аливаа баяр ёслол болоход энгэрийн цол тэмдэггүйгээр өнгөрөөхөө бараг больжээ. Ямар ч баяр ёслол болсон заавал нэгнийгээ шагнаж, урамшуулан энгэрийг нь цоолно. Төр засаг ч тэрхүү төрийн одон медалиа харамгүй хайрлана. Мөн ашиг олох гэсэн төрийн бус байгууллагууд төрөл бүрийн нэрэмжит шагнал медалиудаа” шахна”.

Манайхан үүнийг нь мэдсээр байж шахааны медальтангууд олон болсон хэмээн шүүмжилдэг ч өөрсдөө бол тэрхүү медальдаа үнэнхүү дуртай улс юм. 

Гэхдээ шагнал хүртэгсэд янз бүр гэдгийг сануулъя. Нэг хэсэг нь хийсэн бүтээснийхээ төлөө өөрийнхөө хөдөлмөр зүтгэлийг шударгаар үнэлүүлж байхад, "арын хаалгаддаг" хүмүүс байна аа. Үүнээс болоод шагнал, одон медалийн нэр хүнд ч унаж буй. 

Шагнал ч аймаг, сумын, салбарын, яам, агентлагийн, Засгийн газрын, төрийн, алдар хүндтэй хүмүүс, шат шатны дарга нарын нэрэмжит гээд хавтгайрсан. Ман ажил мэргэжлийн онцлогтой холбоотой медалиуд ч бий.

Хамгийн гол нь Төрийн дээд шагнал эзнээ олж байх тусмаа үнэ хүндтэй байдаг.

 Иймээс сүүлийн үед нэр хүнд нь "газартай наалдах дөхсөн" шагнал, одонгийн шалгуурын талаар иргэд ихээхэн сонирхох болжээ. Энэ талаар өөр өөрсдийн цахим сүлжээгээр цөөнгүй удаа асуухыг нүдээр үзэв. Тиймээс төрийн зарим одон медаль хүртэхэд ямархуу шалгуур тавьдаг болох ерөнхий мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Үүнд:

Монгол Улсын баатар цол. 1936 онд БНМАУ-ын баатар цол бий болсон, 1946 онд уг цол хүртэгсдэд олгох БНМАУ-ын баатрын “Алтан таван хошуу” медалийг урлажээ. Одоо Монгол Улсын баатарын “Алтан таван хошуу” тэмдэг гэж нэрлэж байгаа, эх орныхоо төлөө баатарлагаар тулалдагсад, энх цагт Монгол Улсынхаа төлөө онцгой гавьяа байгуулагсдад олгодог Монгол Улсын төрийн хамгийн дээд шагнал.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар. 1956 оноос БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол, “Алтан Соёмбо” медалийг олгож эхэлсэн. Одоо Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Алтан Соёмбо” тэмдэг гэдэг, улс орон, ард түмнийхээ төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан, тив дэлхийд улсынхаа нэрийг дуурсгасан хүмүүст олгож байна.

Монгол Улсын Гавьяат жүжигчин, тамирчин цол. Өөрийн мэргэжил, ур чадвар, авьяас билгээрээ тодорч, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдсэн эмч, багш, тамирчид, жүжигчид, зохиолчид, зураачид, уран бүтээлчдэд энэхүү цолыг олгодог.

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол. Ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авьяас билгээрээ тодорч хөдөлмөрийн амжилт гаргасан буюу улс ардын аж ахуй, нийгэм, соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүст олгож иржээ.

Цэргийн гавьяаны улаан тугийн одон. Цэргийн гавьяаны одон. Зэвсэгт хүчин, аюулгүй байдлыг хангах болон улсын цагдан сэргийлэх байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн тогтвортой амжилт гаргасан цэргийн албан хаагчид, бусад хүмүүсийг шагнадаг журамтай.

Алдарт эх I одон. 6 ба түүнээс дээш хүүхэд аас доошгүй хүүхдээ өөрийн асрамжаар өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд түүнээс дээш хүүхэд нь эсэн мэнд байгаа эхийг бага хүүхэд нь 1 нас хүрсний дараа шагнана.

Алдарт эх II одон. 4-5 хүртэл хүүхэд төрүүлж, 5-аас доошгүй хүүхдээ өөрийн асрамжаар өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд бага хүүхэд нь 1 нас хүрсний дараа шагнадаг.

Хөдөлмөрийн хүндэт медаль. Улс, нам, олон нийтийн болон хоршооллын байгууллага, үйлдвэр, аж ахуйн газарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн амжилт гаргасан хүмүүсийг шагнаж байна.

Цэргийн хүндэт медаль. Зэвсэгт хүчин, улсын аюулгүй байдлыг хангах болон цагдан сэргийлэх байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан цэргийн албан хаагчид, бусад хүмүүсийг шагнадаг.

Шударга журам медаль. Байгалийн гэнэтийн аюул, ус, гал түймрээс хүний амь бие, улс, олон нийт, хоршоолол, иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалах, нийгмийн хэв журам сахиулахад амь бие хайрлалгүй зүтгэж гавьяа байгуулсан хүмүүс болон хүн ардын эрүүл мэндийг хамгаалахын төлөө гавьяа байгуулсан доноруудыг шагнаж иржээ.

Найрамдал медаль. Дэлхий дахины энх тайвныг хамгаалах, улс түмний хоорондын найрамдал, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, тус улсын бүтээн байгуулалтад гар бие оролцон туслалцаж байгаа тэргүүний хүмүүсийг шагнадаг уламжлалтай.

Эдгээрээс гадна шилдэг уран бүтээл туурвиж, судалгаа шинжилгээний нээлт хийсэн хүмүүст Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагналыг жилдээ нэг удаа олгодог. Дашрамд дурдахад Монгол Улсын цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг ямар нэг шалтгаанаар үрэгдүүлсэн, эвдэж гэмтээсэн тохиолдолд нөхөн олгохыг хүссэн өргөдлийг үндэслэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар шагналын эзэн, түүний нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүүд нь зохих үнээр нь нөхөн болон сольж олгодог юм байна.

 

Г.Уянга  

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button