Б.Энхсайхан: Харваач хүн гурван биеэ мэдэрч сурах хэрэгтэй
Спортын мастер харваач Б.Энхсайхантай ярилцлаа.
-Та сур харваагаар хэдэн жил хичээллэж байна вэ?
-Би 1991 оноос сур харваж эхэлсэн. Үндэсний сурын харваагаар 2013 онд Спортын мастерын болзол биелүүлсэн. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо “Жем интернейшнл” компанийн багт харвадаг.
-Бөх хүнийг бөхийн удамтай гэж ярьдаг шиг танай удамд харвадаг хүн бий юу. Яагаад сур харваагаар хичээллэх болов?
-Миний аав урианхай сурын улсын мэргэн Буянт гэж хүн байсан. Тиймээс аавыгаа дагаж есөн наснаасаа харваж эхэлсэн. Аав минь 2000 онд урианхай сурын улсын мэргэн цолны болзлыг биелүүлсэн. Миний хувьд аавыгаа дагаж явсны хүчинд аймаг, сумын наадам, тэмцээн уралдаанд тогтмол оролцож чамлахааргүй амжилт үзүүлсэн.
-Наадмын өмнөх сорилго гэдэг утгаар нь улсын аваргад баг тамирчид их ач холбогдол өгдөг. Таны хувьд бэлтгэл хэр байна. Хаана бэлтгэлээ хангав?
-Үндэсний их баяр наадмын өмнө уламжлал ёсоор цуваа харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болдог. Сорилго харваа буюу баяр наадмын бэлтгэл гэж бас хэлж болно. Улсын аваргаас сар орчмын өмнө “Алдар” спорт хорооны баг тамирчид бөхчүүдтэйгээ хамт “Тавантолгой” цэргийн амралтад бэлтгэлд гардаг. Бэлтгэлээсээ долдугаар сарын 6-нд бууж маргаашаас нь баяр наадмын харваандаа оролцож эхэлдэг. Манай байгууллага баяр наадмын өмнө баг тамирчдаа байнга бэлтгэлд гаргаж, амралт сувилалд явуулж, ивээн тэтгэдэг байгууллагууд бүх зардлыг нь гаргадаг.
-Энэ жилийн наадмын өнгө, бэлтгэл ямар байна вэ?
-Үндэсний их баяр наадамдаа мэдээж сур тавина. Зургадугаар сарын эхнээс бэлтгэл сургуулилтад гарсан. Өнөөдрийн тэмцээнд амжилттай сайн харваж байна. Тиймээс баяр наадмаар сайн харвах байх.
-Сурын харваа гэхээр нийтлэг ойлгодог. Гэтэл дотроо урианхай, халх, буриад гэж хуваагддаг юм байна. Таны хувьд аль төрлөөр нь түлхүү харвадаг вэ. Эдгээр харваанд ямар ялгаа байна?
-Миний хувьд үндэсний, буриад, урианхай сур гээд харвадаг. Гэхдээ түлхүү хичээллэж амжилт гаргаж байгаа нь үндэсний сурын харваа юм. Спортын мастер цолыг үндэсний сурын харваагаар авсан. Урианхай сурын харваагаар мөн спортын мастер цол биелүүлсэн. Буриад сурд оноо дээгүүр сайн харваж байгаа.
Сурын харвааны хувьд зайгаараа ялгагддаг. Тухайлбал, үндэсний сурын харваа нь 75 метрт сумаа тавьдаг. 75 метр гэдэг хол зай учраас хөнгөн сумаар хасаагаа онох хэрэгтэй. Урианхай сурын хувьд 40 метрийн зайд хүнд сум, чанга нумаар харвадаг. Ингэж харваснаар даланг давуулж оноогоо ахиулах боломжтой.
Харваачдын хувьд урианхай сурын харвааг чанга харваа гэж ярьдаг. Буриад сурыг 30, 45 метрт 64 сум тавьдаг. Сумны хувьд хөнгөн сумаар харвана. Харваач хүнээс нэлээд ур чадвар шаардсан нарийн харваа гэж хэлж болно.
-Сум тавьж байгаа харваач байгаа онох үед уухайлж, хасааг нь дээш шидэх юм. Энэ юуг илэрхийлдэг юм бэ?
-Уухайны хувьд гурван төрөл бий. Харваач сумаа сүвэлж нумаа агсахын өмнө доор зурхай дээр байгаа харваачид урилгын уухайг хийдэг. Урилгын уухайг уухайлж байх үед харваач харвах ёстой. Ингээд онох үед онооны уухайг хийнэ.
Мөн зурхай дээр байгаа харваачид оносон хасааг дээш шидэж, нар зөв гурав далладаг. Энэ нь дараагийн оноо, сурыг дуудаж байгаа ёс юм. Үүнээс гадна самбарт сууж байгаа шүүгч харваач байг онох үед самбарын уухайг хийдэг.
-Үндэсний бөхөөр барилдах хүүхдийг хөл, цээж, бяр чадлаар нь шинждэг. Харин харваачийг яаж шинждэг вэ?
-Харваач хүн эрүүл саруул биетэй, хараа хурц, бие цэх байх ёстой. Сурын харваа тухайн хүнээс тэсвэр тэвчээр шаарддаг. Тиймээс сур харваагаар хичээллэдэг хүний зан ааш дөлгөөн, номхон болдог. Хамгийн гол шинж нь хараа.
Хурц хараа, сэргэг байдал чухал. Мөн зан чанарын хувьд тайван хүн амжилтад хүрэх магадлал өндөр байдаг. Сэтгэл зүйн хувьд тайван байснаар биеэсээ гарч байгаа сумыг зөв чиглүүлж, онох ёстой. Сэтгэл хөдлөл, догдлол ихтэй хүн бай онох нь бага.
-Таны аав улсын мэргэн хүн байсан гэсэн. Танд ямар заавар, зөвлөгөө өгч, захидаг байв?
-Зурхай дээр харваачдаа хүндэлж, харвааны ёс жаягаа чанд сахихыг их захина. Ахмад буурлууд, цолтнуудаа, түрүүлж боссон цол хүртсэн найз нөхдөө хүртэл хүндлэх, шинэ залуу харваачдадаа зөв талаас нь сайн зааж зөвлөж, хайрлаж байхыг захиж сургадаг байсан. Мөн сум тавих үед авхаалжтай өөрийгөө дайчилж байхыг үргэлж сануулж, хэлдэг байлаа.
-Сур харваагаар хичээллэх сонирхолтой хүүхэд багачуудад ямар зөвлөгөө өгөх вэ. Юуг анхаарах ёстой вэ?
-Сурын харваагаар хичээллэх гэж байгаа хүүхдүүд нэн тэргүүнд өөрт тохирсон нум сумтай болох хэрэгтэй. Мөн зааж зөвлөдөг багштай, харвааны ёс жаягаа сайн мэддэг байх нь чухал. Хувь хүний зохион байгуулалт, цэгцтэй байдлыг дээд зэргээр эрхэмлэх хэрэгтэй. Ингэснээр сурын харвааг зөв цэгцтэй сурч, амжилт гаргах боломжтой.
-Таны одоо харваж байгаа нум сум өөрийнх тань уу. Эсвэл эцгээс тань өвлөж ирсэн үү?
-Миний хувьд нум сумаа өөрөө урладаг. Манай харваачдын 70 хувь нь миний сумаар, 50 хувь нь миний засч янзалж өгсөн нумаар харвадаг. Би нум сум урлаад 14 жил болж байна.
-Сурын харваа гадаа талбайд болдог. Салхитай үед сум нь хийсчих гээд байх шиг харагдах юм. Энэ үед яаж сумаа тавьдаг юм бэ?
-Салхитай үед салхины эсрэг талд сумаа гаргаж харвана. Мөн салхины чиг хаанаас байгааг мэдэрч харвах нь харваач хүнээс шалтгаална. Баруун, зүүнээс салхитай үед эсрэг талд нь гаргаж харвах ёстой. Харин хойноосоо туунги салхитай үед дарж харвах ёстой. Өөдөөс сөрсөн салхитай үед нэмж харвадаг. Харваач хүн цаг агаар, температурыг тогтмол ажиглаж байх ёстой. Хэт халуун үед нум буух тохиолдол байдаг. Нум нь нар салхины нөлөөгөөр байнга хувирдаг. Тиймээс нум буух, сэргэх талыг нь анхаарч хараагаа нэмж, хасч дээгүүр доогуур харвах ёстой.
-Нум бууна гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Энгийн үед нум хатуу байдаг. Гэтэл хэт халуун нартай үед нум зөөлөрдөг. Энэ үед тавьсан сум байндаа хүрэхгүй дутах талтай. Харин оройн сэрүүн эсвэл бороотой үед нум хатуурдаг. Энэ үед нум эрчтэй болдог.
Тиймээс сум давах талтай учраас харваач хүн энэ бүгдийг мэдэрч хүчийг нь тааруулах ёстой. Харваач хүн өөрийгөө нум, сумаа ажиглаж байх ёстой. Гурван биеэ сайн ажиглаж гэмээ нь онч мэргэн харвах юм.
Зууны мэдээ
Э.Орхон