"Цогт тайж" киног сэргээн засварлажээ
Монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн түүхийг эх оронч, соён гэгээрүүлэгч Цогт хунтайжийн амьдралыг түшиглэн уран сайхны аргаар олонд хүргэсэн түүх соёлын баримтат өв хэмээгддэг “Цогт тайж”киног сэргээн засварлажээ.
Энэ жил уг киног бүтээсний 70 жилийн ой тохиож байна. Тус киног хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан тоон хэлбэрт шилжүүлсэн эх хувилбарыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа өчигдөр ДБЭТ-т боллоо.
Францын “CNC” кино урлагийн төв уг бүтээлийг сэргээн засварласан бөгөөд Франц, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн хүрээнд энэ ажлыг зохион байгуулжээ.
Энэхүү арга хэмжээнд тус киноны Түвдийн гүнж Дулмаагийн дүрээр олны сэтгэлд мөнхөрсөн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт жүжигчин Л.Цогзолмаа, БСШУ-ы дэд сайд Б.Тулга, Франц улсаас манайд суугаа Элчин сайд Ив Дэлунэ болон киног бүтээлцсэн уран бүтээлчдийн гэр бүлийнхэн оролцов. “Цогт тайж" киног бүтээлцсэн уран бүтээлчдээс амьд сэрүүн байгаа цөөн хүний нэг нь Л.Цогзолмаа. Тэрээр “Би энэ кинонд тоглоход 20 настай, хамгийн залуу жүжигчин нь байлаа. Кино урлагийн сор болсон Ц.Цэгмид, Н.Цэгмид, Ч.Долгорсүрэнтэй хамтран кинонд тоглосон нь их аз завшаан юм. Энэ хүмүүсийг дурсахгүй, хүндлэхгүй байхын аргагүй. Дайны үед бүтээсэн уран бүтээл хэдий ч чанартай бүтээл болж, Монголын ард түмний сэтгэлд хоногшсон. “Цогттайж” киног сэргээн засварлаж үр хойчдоо үлдээж байгаад баяртай байна" гэв.
Зууны мэдээ
З.Цасанчимэг