Начны найраа, нанчилдаангүй наадам үзэхийг хүсэж байна
Тулгар төр үүсэн байгуудагдсаны 2224, Их Монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой Үндэсний их баяр наадам маргааш эхлэх гэж байна. Баяр наадмын өмнөх эдгээр өдрүүдэд иргэдийн хамгийн их ярьдаг сэдэв бол бөхчүүд байдаг. Энэ дагуу энэ жил ч мөн адил бөхчүүдийг тойрсон яриа ихээр гарч байна.
Гэтэл эдгээр өдрүүдэд дархан аваргууд нь зүүний магнайг булаацалдан хэрэлдэж байна. Энэ нь мэдээж өнгөрсөн жил хоёр аваргад нэг зэрэг Дархан аварга цол олгосноос эхлэлтэй. Тухайн үед бөхөд хайртай Монголчууд үүнийг төдийлөн таашаахгүй байгаагаа хэлж байсан юм. Учрыг тодруулбал спорт гэдэг бол нэг нь ялагдаж нэг нь ялж байдаг тулааны талбар. Хурц ширүүн өрсөлдөөн дундаас л тив дэлхийд нэр алдраа цуурайтуулсан шилдэг тамирчид төрөн гардаг. Ингэж их хөдөлмөрлөсний үр дүнд өндөр дээд цол авч ард түмэндээ хүндлэгддэг. Гэтэл барилдахаа больсон бөх, наадамд амжилттай сайн барилдаж чадахгүй байгаа бөхчүүдэд ийнхүү цол хэргэмийг хавтгайруулснаар Монгол бөх улам л утгаа алдаж өрсөлдөөн ч байхгүй болно гэж үзэх хүн цөөнгүй байсан.
Ийнхүү олон түмэндээ хүндлэгдсэн хоёр аварга жудаггүй зан гаргаж байгаа үед иргэд энэ хоёрын хэрүүлээс өөр үзүүштэй наадам үзэхийг хүсэж байгаа. Тэд начны найраа буюу цолны найраагүй наадам үзэхийг хамгаас их хүсэж байна. том цолтой харьж яваа бөхчүүд нутгийн залуусаа улсын цолонд хүргэхийн тулд тавын даваанаас эхлээд жинхэнэ хороо найруулж даваа бүрд найраа хийж бөх сонирхогчдын сэтгэлийг гонсойлгож орхидог. Тиймээс л иргэд энэ жилийн наадмыг сонирхолтой уран хурц барилдаантай залуу бөхчүүдийг өөрсдийн чадлаараа улсын цолонд хүрээсэй хэмээн хүсэж суугаа юм.
Түүнчлэн наадамчин олон жил бүр гардаг зүлэг ногоон дэвжээн дээрх нанчилдаанаас залхаж байгаагаа хэлдэг. Наадам, цагаан сар гэх мэт томоохон барилдаануудад сүүлийн жилүүдэд байнга бөхчүүдийн жудаггүй авир гаргах нь их болсон нь бөхөд хайртай Монголчуудын урмыг хугалж байна. Хоёр жилийн өмнөх цагаан сарын барилдааны үеэр харцага Ц.Содномдорж жудаггүй авирласныхаа төлөө шийтгэлээ хүлээж дөрвөн сар дэвжээнд гараагүй билээ. Түүний энэхүү үйлдэлд ард иргэд ихэд эгдүүцэн одоо хүртэл ярьсаар байгаа. Иймээс бөхчүүд минь зүлэг ногоон дэвжээгээ начны найраа, нанчилдааны талбар бүү болгоорой. Та бүхнийг харж сэтгэлийн таашаал эдэлдэг ард түмнээ хүндлээрэй.