Б.Мөнхтуяа: Энергийн ундаа зүрх, судасны өвчтэй хүмүүст тохиромжгүй
Үндэсний их баяр наадам болоход ганцхан хоног үлдээд байна. Тиймээс энэ удаагийн дугаартаа наадамчин олонд зориулан зуны халуунд амны цангаа тайлдаг ундаа, жүүсийг хэрхэн зөв сонгож хэрэглэх талаар дараах зөвлөгөө, мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Баярын өдрүүдэд Хүй Долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд үйл ажиллагаа явуулдаг нийтийн хоолны газрууд хөл ихтэй өнждөг. Мөн тэр хэрээр ил задгай худалдаалдаг хүнсний бүтээгдэхүүнээс ундаа, жүүс худалдан авдаг хүн цөөнгүй. Тиймээс хоолны хордлого, гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ууж, идэх хоол хүнс, ундаа жүүсийг зөв сонгож хэрэглээрэй гэдгийг МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн мэргэжилтэн Б.Мөнхтуяа зөвлөж байна,
УНДАА ЖҮҮСНИЙ ӨНГӨ ӨӨРЧЛӨГДСӨН, МУУДСАН ЭСЭХИЙГ ШАЛГААРАЙ
Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар 30-38 хэм хүртэл хална гэдгийг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэн. Тиймээс зуны халуунд ундаа шүүсний хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүгэн байдал, ундаа жүүсний өнгө өөрчлөгдсөн, муудсан эсэхийг сайтар шалгаж аваарай гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Бидний олонх нь баяр, наадмын өдрүүдэд халууцсан үедээ хаа таарсан газраасаа ундаа ус, жимсний шүүс, квас зэргийг худалдан авч уудаг. Ингэхдээ хаяг, шошго зориулалтын сав баглаа боодол, хадгалах хугацaa зэргийг нь бараг л анзаарч хардаггүй. Тэгвэл ундаа жүүсэнд тавигдах шаардлага, гадна савлагаанаасаа шалтгаалан хадгалах хугацаа нь янз бүр байдаг ажээ.
ХАМГИЙН ЦЭВЭР АЮУЛГҮЙ НЬ ШИЛЭН САВ
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хамгийн цэвэр, аюулгүй сав бол шилэн шаазан сав гэнэ. Шилэн савтай бүтээгдэхүүнийг тохирсон нөхцөлд 36 сар хүртэл хадгалах боломжтой бол тетрапак савлагаатайг 12 сар хүртэл хадгалах боломжтой гэсэн. Тиймээс “Уух ундаа, жүүснийхээ хадгалах хугацааг сайн хараарай. Учир нь тетрапак савны дотор талын төрөл бүрийн металлын хайлшаар хийдэг уут нь ундаа, шүүсний төрөл бүрийн хүчилтэй хамт химийн урвалд орж, хүний эрүүл мэнд, нөхөн үржихүйд сөрөг нөлөөтөй хорт бодисуудыг үүсгэдэг” гэдгийг анхааруулсан. Тиймээс шилэн сав руу 65 хувиас дээш витамины агууламжтай шууд шахсан шүүсийг савлаж болдог бол тетрпак савлагаанд 30 хувиас ихгүйг савладаг юм байна. Тийм учраас нярай, бага насны хүүхдийн хоол, тэжээлийг шилэн саванд савладаг гэж байв.
ЭНЕРГИЙН УНДААГ ЗАРИМ ОРОНД ЗӨВХӨН ЭМИЙН САНГААР ХУДАЛДДАГ
Баяр наадмын өдрүүдэд зарим нь кофе, энергийн ундаа уух зэргээр биеэ сэргээх гэдэг. Үүнээс болж зарим хүний даралт ихсэх, түргэн тусламж дуудахад хүрдэг гэдгийг эмч нар хэлж байна. Тиймээс хүүхэд, залуусын уух дуртай энергийн ундаа эрүүл мэндэд хортой эсэхийг бас тодруулж асуусан юм.
“ОХУ-д энергийн ундааг олон нийтийн үйл ажиллагааны үеэр зарахыг хориглосон байдаг. Энэ ундаа нь хүнийг цовоо сэргэлэн болгож, оюуны чадавхийг сайжруулах сэтгэл санааг нь дээшлүүдэг эерэг талтай. Гэвч энергийн ундаа нь дотроо гурван төрөлд хуваагддаг тул хүмүүс өөртөө тохирсныг худалдан авч болно. Зарим төрөл нь кофеиний найрлагатай байдаг бол зарим нь амин дэм, нүүрстөрөгч агуулсан байдаг бөгөөд нэг аяга кофеиний үйлчилгээ 1-2 цаг байдаг бол энергийн ундааных 3-4 цаг хүний биед байдаг ажээ.
УНДАА ШҮҮС ХУДАЛДАЖ АВАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ?
Б.Мөнхтуяа мэргэжилтнээс зарим зүйлийг лавлав.
-Манайд зарагддаг төрөл бүрийн ундаа, шүүс эрүүл ахуйн шаардлагыг хэр хангадаг вэ?
-Ундаа нь сэрүүн төрлийн буюу хүйтэндүү, олон төрлийн амин дэм, жимс жимсгэнэ, өвс ногоо, цагаан идээний гаралтай, эрдэс давстай гэхчлэн хүний хэрэгцээ шаардлагыг хангасан шингэн юм. Энэхүү ундаа, шүүсийг бид үйлдвэрлэх технологиос нь хамааруулан хийжүүлсэн болон хийжүүлээгүй, жимс, жимсгэний цэвэр шүүс өтгөрүүлсэн чихэрлэг шүүс, ургамлын бэлдмэлтэй ундаа, зохицуулах үйлчилгээтэй болон чихэр орлуулагчтай ундаа, кофейнтэй ундаа гэх зэргээр ангилдаг.
Манай лаборатори нь төрөл бүрийн ундаа, шүүсэнд хүчиллэг, хуурай бодис, уусмалын орчин буюу pH, сорбины хүчил, бензойны хүчил, аспартам, сахарин, витамин С, усанд уусдаг витаминууд, органик хүчил – нимбэгний хүчил, сүүний хүчил, будагч бодис гэх мэт хүнсний нэмэлтүүд, хар тугалга, кадьми, зэс зэрэг хүнд металлуудыг илрүүлэн тодорхойлдог. Энэ оны эхний хагас жилийн байдлаар шинжилгээнд хамрагдсан импортын ундаа, шүүсэнд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бохирдол илрээгүй.
-Энергийн ундаанаас болж, зарим хүний эрүүл мэнд муудах тохиолдол байдаг гэж сонссон. Энэ ундаанаас өдөрт хэр хэмжээгээр уух ёстой юм бэ?
-Бүх энергийн ундаа найрлагадаа кофейн, таурин, глюкуронолактон зэрэг бодис болон ургамлын экстракт агуулдаг. Нэг лааз ундаан дахь тауриний хэмжээ байх ёстой хэмжээнээсээ хэд дахин их байдаг бол хоёр лааз энергийн ундаан дахь глюкуронолактоны хэмжээ нь хоногт авбал зохих хэмжээнээс 500 дахин их байдаг. 200 мл савтай энергийн ундаа нь 90-150 мг кофеин агуулдаг. Тиймээс зүрх, судасны өвчтөй хүмүүст илүү муугаар нөлөөлдөг. Энергийн ундааны олонх нь В амин дэмийг ихээр агуулдаг учраас зүрхний цохилт олшрох, гap салганах зэрэг сөрөг үзэгдэл ажиглагддаг. Нөгөө талаар, энергийн ундаан дахь кофеин нь хүний цуснаас 3-5 цагийн дараа биеэс гадагшилдаг боловч үнэн хэрэгтээ тэн хагас нь цусандаа үлддэг. Энэ төрлийн ундааг өдөрт хоёр лаазаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Зарим эмч нэг лаазаас хэтрүүлж хэрэглэж болохгүй гэж сануулсан байдаг. Хэтрүүлсэн тохиолдолд цусан дахь чихрийн хэмжээг өсгөхийн сацуу даралт ихэсгэдэг аюултай. Энэ төрлийн ундааг Франц, Дани. Норвеги зэрэг оронд албан ёсоор хориглосон байдаг бөгөөд эмийн төрөлд багтаан үздэг учраас зөвхөн эмийн сангаар худалдаалахыг зөвшөөрдөг.
-Иргэд наадмын өдрүүдэд ундаа худалдаж авахдаа юуг анхаарах вэ?
-Ундаа, шүүсний хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах нь чухал. Мөн ундаа, шүүсний хэвийн өнгө, ерөнхий төлөв байдал өөрчлөгдөж, муудсан эсэхийг сайтар шалгаж, харж авах хэрэгтэй. Бүтээгдэхүүнийг онгойлгохын өмнө гадна тал, амсар хэсгийг цэвэр чийгтэй алчуураар сайтар арчих хэрэгтэй.
Б.Туул