Ихэнх аймгуудын наадам өнөөдөр эхэлж байна
Ерөнхий сайд наймдугаар сарын 1-ээс хойш ямар ч ой, баяр наадам тэмдэглүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Иймд энэ жил ихэнх аймгуудын наадам долоон сарын 10, 11-ний өдрүүдэд тохиож байгаа юм. Харин зарим аймгийн хувьд өчигдөр баяр наадам нь эхэлж өнөөдөр өндөрлөнө. Ингээд аймгуудын баяр наадмын хуваарийг танилцуулъя.
Архангай аймаг: Архангай аймаг наадмаа долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.Харин тус аймгийн Хангай, Эрдэнэмандал сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.
Баян-Өлгий аймаг: Баян-Өлгий аймгийн баяр наадам ирэх долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиох бол тус аймгийн Алтанцөгц, Цэнгэл сумд 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэх юм. Мөн Өлгий хотын 75 жилийн ой тохиож байгаа.
Баянхонгор аймаг: Хонгор нутгийнхны наадам долдугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бол Баянлиг, Богд сумд 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Баянлиг, Богд сумдын ойн баяр наадам долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд тохиох юм.
Булган аймаг: Булган аймгийн тухайд баяр наадмаа долдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон аж. Өнөөдөр тус аймгийн наадмын хоёр дахь өдөр тохиож байна.Түүнчлэн тус аймгийн Сайхан суманд ирэх долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд 4 түмэн адууны баярыг тэмдэглэхээр болжээ. Мөн Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болох юм.
Говь-Алтай аймаг: 2013 онд 90 жилийн ойгоо тэмдэглэсэн Алтай нутгийнхан энэ жилийн баяр наадмаа долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулаад дууссан. Энэ жилийн хувьд тус аймагт ойтой сум байхгүй бөгөөд аймгийн ихэнх сум өнгөрсөн жил түүхт ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
Говьсүмбэр аймаг: Говьсүмбэрийнхэн баяр наадмаа Зүүн бүсийн Боржигон наадамтайгаа хамт буюу ирэх наймдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Тус аймагт энэ жил ой нь тохиож байгаа сум байхгүй.
Дархан-Уул аймаг: Ирэх жил 55 жилийн ойгоо тэмдэглэх Дархан-Уул аймгийнхан баяр наадам долдугаар сарын 9 нд эхэлсэн бөгөөд маргааш өндөрлөнө.
Дорноговь аймаг: Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болох бол Улаанбадрах сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Дорнод аймаг: Дорнод аймгийн хувьд энэ жил наадамчдын хөлд дарагдана. Учир нь тус аймгийн Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх бол Хөлөнбуйр сум 60 жилийн ойгоо тэмдэглэх юм. Ойтой сумдын наадам долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд тохиох бөгөөд аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болох аж.
Дундговь аймаг: Дуу хуурын өлгий Дундговь нутгийн зон олон ирэх сарын 26-27-ны өдрүүдэд наадна. Түүнчлэн тус аймгийн Баянжаргалан сум түүхт 90 жилийн ойгоо ирэх сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Үүнээс гадна Мандалговь хотын 50 жилийн ой энэ жил тохиож байгаа ажээ.
Завхан аймаг: Завхан аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэ жилийн хувьд аймагт ойтой сум байхгүй юм.
Орхон аймаг: 2016 онд 40 жилийн ойгоо тэмдэглэх Орхончууд өнөө жил ирэх сарын 10-11-ний өдрүүдэд наадах ажээ.
Өвөрхангай аймаг: Өвөрхангай аймгийнхан долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэнэ. Түүнчлэн Хархорин суманд долдугаар сарын 24-26-нд Өндөр гэгээний 380 жилийн даншиг наадам болох юм.
Өмнөговь аймаг: Өмнийн говийнхон ирэх долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд “Говь шанхын хурд”-аа зохион байгуулж, наадахаар болжээ.
Сүхбаатар аймаг: Сүхбаатар аймгийнхан энэ жил дэнж хотойтол наадамлана. Учир нь тус аймгийн зургаан сум түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Халзан, Онгон, Наран, Дарьганга, Асгат, Баяндэлгэр сумд ирэх сарын 17-19-ний өдрүүдэд ойгоо тэмдэглэх аж. Түүнчлэн энэ жил тус аймагт Зүүн бүсийн хурд зохион байгуулагдахаар болсон бөгөөд нутгийн зон олон ирэх сарын 25-26-ны өдрүүдэд бүсийн хурдаар наадамлахаар болжээ.
Сэлэнгэ аймаг: Сэлэнгэ аймгийн наадам долдугаар сарын 9-нод эхэлсэн бөгөөд маргааш өндөрлөнө. Мөн Мандал сумын Түнхэл тосгоны 50 жилийн ой долдугаар сарын 4-6-ны өдрүүдэд тохионо.
Төв аймаг: Төв аймгийн наадам долдугаар сарын 8-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөнө.
Увс аймаг: Увс аймгийн ихэнх сум энэ жил түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давс сумд түүхт ойгоо ирэх долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон бол
Увс аймгийн 90 жил долдугаар сарын 22-25-ны өдрүүдэд болно.
Ховд аймаг: Ховд аймгийн Ховд хотын 330 жилийн ой долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиож байгаа бөгөөд тус аймгийн Буянт, Чандмань сумд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Буянт сум 90 жилийн ойгоо есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд тэмдэглэх бол Чандмань сумынхан долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд наадамлана.
Хөвсгөл аймаг: Хөвсгөлчүүд долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд наадмаа хийхээр болжээ. Энэ жилийн хувьд тус аймгийн Төмөрбулаг сум 90 жилийн ойтой бөгөөд ойн наадам долдугаар сарын 19-20-ны өдрүүдэд тохиох аж. Түүнчлэн Цагааннуур сум 30 жилийн ойгоо долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэх юм.
Хэнтий аймаг: Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дадал сумд 90 жилийн ойгоо долдугаар сарын 8-9-нд тэмдэглэн өнгөрүүлсэн.