Харваачдын цолны асуудлыг хэрхэн хөндөв
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал жил жилийн наадмын өмнө сөхөгддөг нь хэвийн үзэгдэл. Энэ жил ч гэсэн тэрхүү үйлдэл бас л давтагдав.
Учир нь Улсын их баяр наадмын өмнөхөн УИХ-ын гишүүн л.Эрдэнэчимэг Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан билээ. Уг хуулийн төсөлд өмнөх шигээ бөхчүүдийн зэрэг дэв, цолны талаар бус тэр бүр сөхөгдөөд байдаггүй сурын харваачдын цолны асуудлыйг хөнджээ.
Жил бүрийн Улсын Их баяр наадмаар Үндэсний сурын харвааны төрөлд ганцхан төрлийн цол олгож байгаагаас харваачдын чансаа үнэлгээнд анхаарах зайлшгүй шаардалага үүссэн байна. Өөрөөр хэлбэл Улсын наадамд хоёр, гуравдугаар байр эзэлсэн харваачдад ямар нэгэн цол зэргэм олгодоггүй. Иймээс энэхүү хуулийн төсөлд хоёр, гураьдугаар байрт орсон харваачдад цол олгох асуудлыг хөндсөн байна.
Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд 3 дугаар байр эзэлсэн харваачид “Гоц харваач” цол, 2 дугаар байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол олгохоор тусгасан байна.
Тэгэхээр одоогийн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн гуравдугаар бүлгийн 9.2-т Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын хошой мэргэн, улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл улсын гоц мэргэн, улсын гоц мэргэн цолтон түрүүлбэл улсын гарамгай мэргэн, улсын гарамгай мэргэн цолтон түрүүлбэл Улсын даяар дуурсах мэргэн, Улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл Улсын дархан мэргэн цол олгоно.
9.3. Аймаг, сумын баяр наадамд үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачид аймаг, сумын мэргэн цол олгоно хэмээн заасан байдаг юм. Тэгэхээр хэрэв эл хуулийн төслийг УИХ-аар дэмжигн баталбал, Улсынхаа наадмаар хоёр, гуравдугаар байр эзэлсэн харваачид ч цолтой болох нь.
Дашрамд дуулгахад, 2003 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуулиар үндэсний сурын харваачдад Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын цол олгодог. Монгол Улс түүхэндээ Үндэсний их баяр наадмыг 94 удаа тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацаанд нийт 90 харваачид “Улсын мэргэн” цол олгожээ.
olloo.mn