Анхаарал болгоомжгүйгээсээ болж амь насаа алдсаар байх уу
Монголчууд бидний томоохон баяр Үндэсний баяр цэнгэл наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиож, тав хоног баярлалаа. Харин биднийг ийн баяраа тэмдэглэж байх зуур харамсалтайгаар нэлээд хэдэн хүн амиа алдсан мэдээг албаныхан өглөө. Тодруулбал баярын өдрүүдээр 56 хүн амиа алдсан байна. Долдугаар сарын 11-нд гэхэд улсын хэмжээнд 11 хүн зуурдаар нас баржээ. Тэдгээрийн 12 нь зам тээврийн ослоор нас барсан бол үлдсэн нь голын усанд живж нас барсан байх юм. Зам тээврийн ослоор нас барагсдын дунд гэр бүлээрээ явж байсан иргэд байгааг цагдаагийн байгууллагынхан онцолж байна.
Өнгөрсөн жилээс эхлэн улсын баяр наадмаар тав хоног амардаг байхаар хуульчилсан. Харин энэ нь баяр наадмын өдрүүдэд гэр бүлийнхэнтэйгээ хотоос гарч амарч зугаалах боломжийг олгосон. Харин манайхан энэхүү амралт, эрх ямбаа хэтрүүлэх нь ихэссэн нь ийнхүү зуурдаар амь насаа алдахад хүргэж байна. Учир нь хөдөө орон нутгийн замд автомашиныхаа хурдыг хэтрүүлж явдаг нь осол гарах хамгийн том шалтгаан болдог.
Ер нь дан ганц наадам гэлтгүй урин дулааны улирал ирэхээр амарч зугаалах иргэдийн тоо ч нэмэгдэж энэ хэрээр амь насаа алдах иргэдийн тоо нэмэгдэх боллоо. Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гол мөрний усны төвшин ихэссэнийг анхааруулсаар байтал анхаарал болгоомжгүйгээсээ болж голын усанд орж амь насаа алдаж байна. Түүнчлэн голын эрэг дээр архидан согтуурч хөл алдан амиа алдах тохиолдлууд ч гарч байгааг албаныхан анхааруулсаар байна.
Ингээд дээрх үйл явдлуудаас харахад өөрсдөө урьдчилан сэргийлж болох зүйлс дээр манайхан алдаж эрүүл мэнд амь насаараа хохирсоор байгааг албаныхан онцолсоор байна. Тиймээс иргэд нь минь алийн болгон анхаарал болгоомжгүйгээсээ болж амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байх вэ дээ. Өөрсдийнхөө хэнэггүй, анхааралгүй занг бага ч гэсэн мартаж аливаа зүйлийг ном журмынх нь дагуу хийдэг болбол яасан юм бэ.
olloo.mn