Саалийн ганц үнээгээ нудрах уу

Юутай ч, өнөө муу нэртэй, луу данстай уул уурхайн салбар маань л олон жилийн туршид биднийг тэжээж ирсэн нь маргашгүй үнэн. Улсын нийт төсөв болон экспортын дийлэнх хувийг гагцхүү уул уурхайн салбараас л бүрдүүлж ирсэн, ойрын хэдэн жилдээ лав энэ байдал хэвээр байх аж.

Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын түүхий эд, бүтээгдэхүүний үнэ ханш 2-4 дахин унасан энэ хэцүүхэн цаг үед төр засгийн зүгээс уул уурхайн салбартаа бодит  дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Дэмжлэг гэж мөнгө төгрөг нэхнэ гэсэн үг биш, тийм боломж бололцоо ч манай төр засагт байхгүй гэдгийг хэн бүхэн мэднэ.

Гагцхүү, зөв бодлого шийдвэрийн дэмжлэг л энэ хүнд хэцүү цаг үед нэн чухал шаардлагатай юм. Жишээ болгон, зарим боломжит шийдлүүдээс дурдвал:

  1. Уул уурхайн олборлолт болон тээвэрлэлтийн ажлын нийт зардлын бараг тал хувийг түлш, шатахууны зардал эзэлдэг. Сүүлийн 1 жилд дэлхийн зах зээл дээр түлш шатахууны үнэ 2-3 дахин унаад байна. Гэтэл манайд орж ирж буй түлш шатахууны үнэ бахь байдгаараа. Энэ стратегийн шинж чанартай чухал асуудалд чухам ямар эрх ашиг хөндөгдсөн болоод таг чиг байна вэ. Зөвхөн энэ асуудлыг шийдсэнээр Монголын маш олон компаниудад олон тэрбумын хэмнэлт гарах нь лавтай.
  2. Монголоос гарч буй төмрийн баяжмалыг дундын зуучлагчгүйгээр шууд (БНХАУ-ын хойд нутгийн) төмрийн үйлдвэрлэгч рүү боломжит өндөр үнээр нийлүүлээд, буцаагаад мөн ямар ч ченжүүдийн нэмэлтгүйгээр төмрөн  бүтээгдэхүүн (барилгын арматур төмөр г.м)-г бартераар авах тухайд яагаад бодохгүй байна вэ. Ийм боломжийн саналыг хүлээж авахгүй үйлдвэрлэгч гэж хаана байх билээ дээ. Бидэнд санаачилга, чин сэтгэл л гагцхүү дутагдаж байна.
  3. Уул уурхайгаас бусад бүх салбаруудад төрөөс бодит дэмжлэгүүд үзүүлсээр байна. Ноос, ноолуур, улаан буудайн урамшууллууд, үйлдвэрлэлийн төслийн хөнгөлөлттэй санхүүжилтүүд, барилгын салбарын 10 хувийн урьдчилгааг, 8 хувийн зээлийн эх үүсвэр … г.м. маш олон хөтөлбөрүүд хэрэгждэг. Гэтэл, уурхайн салбарт ямар ч бодит дэмжлэг үгүй, дээрээс нь төрийн зүгээс учруулдаг элдэв дарамт их. Юм л бол хойд талын бор овоохой гэгчээр элдэв төрлийн хяналт шалгалт болон орон нутгийнхны зүгээс учруулах дарамтууд хэрээс хэтэрч байна.

Мэдээж, уул уурхайн салбарынхан бид хүний аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт, усны зүй зохистой ашиглалт, химийн бодис болон хог хаягдлын зөв менежментийг хэрэгжүүлэх зэрэг хариуцлагатай уул уурхайн зарчим, үүрэг хариуцлагаа ухамсарлах нь зүйн хэрэг.

Бид өсөлт уналттай ямар ч цаг үед татвар хураамжаа бүрэн төлсөөр ирсэн, хойшид ч төлсөөр байх болно. Монгол улсдаа өгсөн үе үеийн уурхайчдын өгөөж арвин. Гэвч, бид хэзээ ч гомдоллож байгаагүй.

Олон жил сааль сүүг нь хүртэж амьдарсаар ирсэн Монголчууд бид саалийн ганц үнээгээ (сүүнийх нь үнэ ханш шалдаа буулаа гээд) зуд турхантай хүнд хэцүү цаг үед нь өвс тэжээл өгөхгүй байсаар өлсгөж алах гэж үү.

Уул уурхайн мэргэжилтэн Гончигийн Итгэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button