Монгол наадам жуулчдыг татаж чадсан уу
Энэ жилийн наадам өмнөх жилүүдээ бодвол хоггүй цэвэр орчинд болсон талаар иргэд ам сайтай байна. Гэхдээ жуулчдын хувьд сэтгэл татах зүйлс хомсхон байв. Тодорхой цагийн хувиараар цэнгэлдэхийн гадна тоглогдох үндэсний урлагийн тоглолтуудыг эс тооцвол тэдний хувьд гойд зүйл байсангүй. Үндэсний бөхийн тасалбар авч цэнгэлдэх рүү орлоо гээд барилдааны утга учрыг тэд сайн олгохгүй. Мөн хэдхэн Монголчууддаа арай гэж хүрээд л дуусчихдаг наадмын тасалбар жуулчдад тэр болгон олдох нь юу л бол. Тэгэхээр Монгол наадмыг үзэхээр ирсэн гаднынханд цэнгэлдэхийн гадна орчныг “шинжих” сонголтоос өөр сонголт үлдээгүй.
Тэгвэл цэнгэлдэхийн гадна юу байв. Худалдаа наймаа, хуушуурын гуанзнаас их зүйл алга. “00” нь хүрэлцээгүй, хувь хүмүүсийн мөнгө олох гэж ядсан хэдэн тоглоом, нүүр ам будах үйлчилгээ, тодорхой цагт л тоглогдох урлагийн тоглолт. Үүнээс өөр үзчих юм даанч байсангүй. Шагайн харвааны талбайд гадныхан байтугай Монгочуудаа ч гишгэх хориотой. Харин сурын талбай л хэн бүхэнд нээлттэй, жуулчдыг ганц татсан газар байв.
Мөн хуушуурын гуанзнууд нь олон хэрнээ бие засах газар нь хүрэлцээгүй. Байгаа ганц нь бөөн оочер дараалал. Мөн хийц загварын хувьд ч таагүй. Учир нь Төв цэнгэлдэхийн зүүн хананд бараг тулгаж байрлуулсан, өнгө нь гундсан зургаан тоннын контейнер бол “Toilet”буюу бие засах газар. Үүнийг харахад “Бүхэл бүтэн улс, Улсын нийслэл Улаанбаатар, жуулчдыг татах ганц баяр – үндэсний баяр наадмаа хийж байж “00”-ын асуудлыг ингэсхийгээд шийдсэн нь ичгэвтэр байв.
За, Монголчууд нь яах вэ гэж бодоход, гаднаас ирсэн жуулчид халуун наранд оочерлон зогсох нь өөрийн эрхгүй ичих сэтгэлийг төрүүлнэ. Дээрээс нь эвгүй үнэртэй, ороод гарахад үнэр нь муухай. Дээрээс нь, халуун наранд шарагдахад сүүдэрлэх газар байхгүй, өндөр настай жуулчдын хувьд хүндхэн байгаа нь илт.
Тэгэхээр манайхан ядахнаа “00”-ын асуудлаа стандартын дагуу шийдчихдэг болмоор байна. Мөн жуулчдыг татахын тулд цэнгэлдэхийн гадна зөвхөн жуулчдыг татах зорилготой, гадныхныг оролцуулдаг бэсрэг эрийн гурван наадам аятай арга хэмжээг наадмын хоёр өдөр, өдрийн туршид тасралтгүй зохион байгуулдаг болмоор санагдав.
Үүний тулд баяр наадмыг зохион байгуулах хороо арай өөрөөр ажиллаж, өөрөөр сэтгэх хэрэгтэйг энэхүү наадам харууллаа.
olloo.mn