Үндэсний баяр наадмын цэц мэргэнүүд
Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой , Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа долоодугаар сарын 7-нд урианхай сурын харваагаар эхэлсэн. Ингээд баяр наадмын хугацаанд харваачид Урианхай сурын харваагаас эхлээд, Буриад сурын харваа Үндэсний сурын харваа, шагайн харваагаар тус тус цэц мэргэнээ сорьсон юм. Ингээд цэц мэргэдүүдийн тулааныг тоймлон хүргэж байна.
Урианхай сурын харваа
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний сурын салбар хорооныхны мэдээлснээр энэ жил урианхай сурын харваанд 160 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон юм.
Үүнд Ховд, Хэнтий, Эрдэнэт, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ, Улаанбаатарын харваачид оролцсон бөгөөд харваачдын 50 гаруй хувь нь спортын зэрэг цолтой тамирчид байгаа нь энэ удаагийн урианхай харвааны нэг онцлог байлаа.
Урианхай сурыг сурын өвөг дээдэс гэж үздэг. Тиймдээ ч ёс заншил, уламжлалаа дээдлэн наадмын харвааг урианхай сураар эхлүүлдэг болоод хорь гаруй жил болж байгаа юм. Энэ удаагийн харваанаас 15 спортын мастер, 6 дэд мастер төрсөн юм.
Харин эхний байруудыг:
30 оноогоор Ховд аймгийн Мөнххаан сумын уугуул, “Ховд Мөнхтүшиг” компанийн харваач Цэвээндоржийн Батзориг
28 оноогоор Зэвсэгт хүчний 330-р анги, “Алдар” спорт хороо, “Монгол ус” төрийн өмчит улсын үйлдвэрийн харваач Батаагийн Баярсайхан
27 оноогоор “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнл” компанийн харваач Дамбын Мөнхгэрэл
27 оноогоор товх харваж, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Монбэт” компанийн харваач Баастын Мөнхтөр
26 оноогоор товх харваж, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Батчулууны Баярхүү нар эзэлсэн юм.
Буриад сурын харваанд хот, хөдөөгийн эрэгтэй 120 гаруй, эмэгтэй 42, нийт 160 гаруй харваачид найман зурхай дээр цэц мэргэнээ сорилоо.
Эрэгтэй харваачдаас:
1-р байранд: Дорнод аймаг Баяндун сум Аш- Авгад ХХК-ийн харваач, Буриад сурын хошой мэргэн, олон улсын хэмжээний мастер Ойдовын Сүхбаатар,
2-р байранд: Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, хангарьд спорт хорооны харваач Нямсүрэнгийн Өлзийхутаг,
3-р байранд: Алдар спорт хороо, Жем интернешнл ХХК- ийн харваач Базарын Батбаатар,
4-р байранд: Өмнөговь аймаг, Номгон сум, Тавантолгой трасс ХХК- ийн харваач Дүргэн Чулуунбаяр,
5-р байранд: Өмнөговь аймаг, тавантолгой трасс ХХК-ийн харваач Жанчивийн Баттөмөр нар аваргаллаа.
Эмэгтэй харваачдаас:
1-р байранд: Хөвсгөл аймгийн уугуул, СБД-ийн тамирчин, Хот Монгол групп, Алтандуулга компанийн харваач Жүгдэрхүүгийн Нямдаваа,
2-р байранд: Дорнод Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, шинэ налайх багийн харваач Чагнаадоржийн Гандаваа,
3-р байранд: Өмнөговь аймаг Баяндалай сумын уугуул, Тавантолгой трасс ХХК-ийн харваач Батмөнхийн Сугар,
4-р байранд: Дорнод аймаг Дашбалбар сумын уугуул, ХУД, Петровис компанийн харваач Батын Бутваан,
5-р байранд: Сэлэнгэ аймаг Ерөө сумын уугуул, Алдар, Жем интернешнл кампанийн харваач Санжаадоржийн Энхтунгалаг орсон байна.
Үндэсний баяр наадмын шагайн харваанд Улаанбаатар хот, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Дархан, Орхон аймгийн нийт 50 багийн 452 харваачид оролцож, цэц мэргэнээ сорилоо.
Шагайн харвааны нэгдүгээр байрт улсын үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг түрүүлж, үлэмж дархан мэргэн Б.Шинэбаяр ахлагчтай Улаанбаатар хотын Уранган баг, үлэмж дархан мэргэн Болд ахлагчтай "УБ Төмөрзам" баг тус тус удаалав.
Энэ жилийн наадамд Монгол Улсын үлэмж дархан мэргэн 42, дархан мэргэн 24, гарамгай мэргэн 33, мэргэн 28, дэд мэргэн 47, харшгүй мэргэн 12, аймгийн гоц мэргэн 78 оролцож, нийт харваачдын 53 хувь нь цолтой харваачид байгаа юм.
Энэ жилийн наадамд Үндэсний сурын харваанд 350 гаруй мэргэн харваач бүртгүүлснээс 25 нь улсын цолтой харваачид байгаа юм. Мэргэн харваачид гурван өдрийн турш 40 сумын төлөө өрсөлдөн, цэц мэргэнээ сорьсон. Үүнээс Эрэгтэй харваачдаас 40 сумнаас 35 онож Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач Базарын Батбаатар түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртсэн юм.
Харин эмэгтэй харваачдаас 40 сумнаас 36 сум онож мөн л Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач Санжаадоржийн Энхтунгалаг түрүүлж, Монгол Улсын хошой мэргэн цол хүртэв. Тэд нэг гэр бүлийн хоёр байсан гэдгийг энэ дашрамд дуулгая.
olloo.mn