58 иргэнийг осол аюулаас авран хамгаалжээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас Үндэсний их баяр наадам Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд Төр засгийн тэргүүнүүдийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох газрууд, Олон улсын зочид төлөөлөгчдийн очих газар болон улсын онц чухал 275 объектуудад галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулахад цахилгаан хэрэгсэл, хийн баллоны хоорондын зай хэмжээ алдагдсан 187, цахилгааны уртасгагч разетканы зөрчилтэй 87, нарны шууд тусгалд хийн баллоныг байрлуулсан 403, гал унтраагуур байхгүй 136 зөрчлийг илрүүлж, газар дээр нь арилгуулжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нийт 76 дуудлага дээр ажиллалаа. Үүнээс объектын гал түймрийн дуудлага 51 удаа, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 25 удаа  ирсэн байна. Үүний дагуу шуурхай арга хэмжээ авч аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Голын усанд зургаан хүн осолдож нас барсан бол 58 иргэнийг аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын аюулаас авран хамгаалжээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button