Сэтгүүлчид тайван жагсаал хийнэ
Info.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч С.Баттулгыг энэ сарын 9-нд “ Ноёд” групптэй холбоотой асуудлаар цагдан хорьсон билээ. Мэргэжил нэгт нөхрөө өмөөрч “ Сэтгүүлчийг сулла” хөдөлгөөн байгууллагдсан. Өчигдөр тус хөдөлгөөнөөс “Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийхээ зогсоо, сэтгүүлчийг сулла” уриатай хэвлэлийн бага хурлыг хийлээ.
Тус хөдөлгөөнд нэгдсэн МСНЭ-ийн төлөөлөл “Глоб интернэшнл төв” ТББ-ийн тэргүүн Х.Наранжаргал, МУИС-ын сэтгүүл зүйн тэнхимийн профессор М.Зулькафил нар мөн монголын телевизүүдийн холбоо, монголын сайтын холбоо,монголын сонины холбоо, ахмад сэтгүүлчдийн төлөөлөл оролцож үзэл бодлоо илэрхийллээ.
Наадмын өмнө тус хөдөлгөөнөөс МСНЭ-ийн гишүүн info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг хууль бусаар цагдан хорьсон асуудлаар байр сууриа илэрхийлсэн ч одоо хүртэл суллахгүй байгаа тул суулт хийж, сэтгүүлчид ажил хаялт зарлах хүртэл арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдлээ. Мөн УИХ-ын гишүүн, хүний эрхийн дэд хорооны дарга Ё.Отгонбаяр,Улсын ерөнхий прокурорын хүний эрхийн комисст С.Баттулгын эрх зөрчигдөж байгаад анхаарлаа хандуулж даруй суллахыг шаардсан бичиг хүргүүлсэн байна.
Нэг сэтгүүлчийг хэлмэгдүүлж хорино гэдэг нь бусад сэтгүүл зүйн салбарт ажиллагсдыг айлган сүрдүүлж, хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж байгаа хэрэг юм гэж тэд үзэж байна. Хэвлэлийн эрх чөлөө болон хүний эрх зөрчигдөж байгаа тул бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилладаг 4000 гаруй сэтгүүлчдийг хэвлэлийн эрх чөлөөний төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.
Ийнхүү хөдөлгөөнөөс сэтгүүлч С.Баттулгыг хоёр дахь удаа олон хоногоор цагдан хорих хууль бус шийдвэр гаргасан Баянзүрх дүүргийн ерөнхий шүүгчийн захирамжыг эргэн харж засч залруулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж албан бичгийг хүргүүллээ. Мөн уг албан шаардлагыг Баянзүрх дүүргийн ерөнхий шүүгч, Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурорт хүргүүллээ.
Шаардлагын дагуу арга хэмжээ авч сэтгүүлчийг суллахгүй бол маргааш сэтгүүлчид ажил хаяж тайван жагсаал хийхээр болов.