Хямраагүй юм шиг зугаалж байна аа, монголчууд
Монгол түмэн Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Урьд өмнөх жилүүдийг бодвол өнөө жил үзэх харах зүйл ихтэй, зохион байгуулалтыг илүү чамбайруулсан гэдэг нь илт байв.
Наадмын арын албанд ажиллаж буй цагдаа, эмнэлэг, онцгой байдлын албаныхандаа уншигчдынхаа өмнөөс талархах нь зүйн хэрэг. Тав хоног амрах хугацаандаа монгол түмэн ардын соёл урлагаас эхлээд дэлхий дахины сонгодог, жазз урлагийн гайхамшгийг мэдэрч, төв талбайд ёстой л Үүл баатарын хэлсэнчлэн соёлын шоконд оруулам олон сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.
Наадмын битүү гэж хэлж болох аймаг, цэргийн залуу арслан, начингууд улсын аварга, арслангуудыг ээлж дараалан сөхрүүлсэн гээд хүчит бөхийн барилдаан ч хэдэн сар ярих зүйлтэй болголоо. Хэдийгээр энэ жил нар хур тэгширсэн сайхан наадам боллоо гэх үг наадамчин олны амнаас гараагүй ч наадмын дараах үргэлжлэн орж буй хур бороо ган тайлж, хүн малын зоог тэнийлгэж байгаа нь сайхан зүйл гэж хэлэхээс яах вэ.
Энэ наадмаар сайнаас гадна саар зүйл олон байлаа. Наадмын энэ өдрүүдэд зам тээврийн осол, санамсаргүй осол гэмтэл, аваар, гэмт хэргийн улмаас 56 алтан амь үрэгдсэн таагүй мэдээлэл байна. Хэт халуунаас даралт нь ихсэх, хоолны хордлогод орох зэрэг дуудлага ч тасраагүй аж. Нөгөө талаас иргэд амарч зугаалж явахдаа гол усанд эндэх, живэх зэргээр онцгой байдлын албан хаагчдыг ч сандаргаад авчээ. Монгол наадам маань сайн муу хосолсон мэдээтэй өнгөрлөө.
Наадмын маргааш намар гэдэг. Намар ирлээ өвөлдөө бэлтгэх ёстой гэдгийг малчид л юу юунаас илүүтэй ойлгож өвлийн бэлтгэлээ базааж эхэлдэг. Харин төв суурин газрын иргэд бол өөр. Монгол түмэн долдугаар сарыг дуустал үндсэндээ баяр наадмын уур амьсгалтай байдаг. Энд тэндэхийн аймаг сумдын ой, түүхэн тэмдэглэлт ой, даншиг наадам гэх зэргээр баярлаж дуусах цаг нь болоогүй байгаа.
Нөгөө талаар өвөл, хаврын ядаргаа, ажлын ачааллаа тайлах гэсэн хүн бүхэн л хэд хоногоор хөдөө гарч, энд тэндгүй майхнаа барьж, цэвэр агаарт алжаал ядаргаагаа тайлахыг хичээдэг. Энэ уламжлал ч өнөө жил давтагдлаа.
Гэхдээ өмнөх жилүүдээс илүү олон хүн хөдөө гадаа амралт зугаалгаар явж байгаа нь илт байна.
Цахим хуудсаар гэхэд л Хөвсгөл аймаг руу аялал зугаалгаар дотоодын 42 мянган иргэн явсан талаархи албан бус мэдээлэл тархав. 22-ын товчооноос цааш зам түгжирч, Дархан-Эрдэнэтийн зам бараг л өдөр бүхэн ачаалалтай байгаа гэх. Хөвсгөл аймагт АТМ мөнгөгүй болсон, супермаркетууд нь хүнсгүй болж, ШТС-уудын бензин дууссан гэх явган яриа хүртэл гарсан. Ямартай ч албаны эх сурвалжуудын өгсөн мэдээллээр бол долдугаар сарын 10-наас хойш 30 гаруй мянган гадаад жуулчид Хөвсгөл нутгийг зорьсон нь тодорхой байгаа юм.
Зам дагаж хөгжил ирж буйн хамгийн том жишээ, энэ. Гэвч дотоодоос гадна гадаадын жуулчдаа хүлээж авах бэлтгэлээ бүрэн хангаж чадаагүй тэд ёстой л хамаг байдгаа тавиад туусан сурагтай. Хогийн уут нь дуусч, аялагчид Хөвсгөл далайг тойруулаад хогоо хаяж эхэлсэн байгаа юм.
Үүнээс гадна Эрдэнэзуу хийд, Өвөрхангай аймаг, Архангай, Сэлэнгэ, Хэнтий зэрэг маш олон аймгуудад дотоодын жуулчид хэдэн зуугаараа хөлхөлдөж байгаа. Мэдээж энэ нь нэг талаас гадаад руу явж мөнгөө үрэх бус дотоодын аялал жуулчлалаа дэмжиж хөрөнгө оруулалт хийж байгаа нь сайн талтай ч нөгөө талаас нь харвал хаана хямрал болсон юм бэ гэж эрхгүй асуумаар санагдсаныг нуух юун.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд монголчууд туйлдаа хүрч, ядуурлаа хэмээн баахан “сүржигнэсэн”. Ард түмэндээ хайртай улстөрчид байсхийгээд л ард түмэн минь ядарч туйлдаж, аргаа барж байна. Хоногийн хоолгүй шахам хонох нь ээ, бид хэмээн хөмсөг зангидан хэвлэл мэдээллээр ярьсан.
Гэтэл туйлдсан ард түмэн 21 аймаг дамжин хэсч ёстой л туйлж явна. 40 гаруй мянган иргэн Хөвсгөл далайд, мөн түүнтэй тэнцэх хэмжээний олон мянган хүн 21 аймгаар аялж, мөн тооны иргэд гадаад далайд амарч, гахай шувууны мах зооглож байгаа. Тэгэхээр монголчууд ядуураагүй юм байна, бүр хямрал болоогүй юм байна гэж дүгнэж болмоор. Мэдээж бүтэн жил хөдөлмөрлөж олсон мөнгөө үрэх зүйл байлгүй яах вэ хэмээн бухимдах хүн гарч мэдэх.
Гэхдээ л орон сууцнууд худалдан авагчгүй болж, томоохон зоогийн газрууд хаалгаа барьж, улсын төсвөө чинээнд нь тултал хасч танасан хямралын бараан сүүдэр 2016, 2017 онд үргэлжлэхгүй гэсэн баталгаа байхгүй учраас олсон хэдээ хойш урагшаа тавиад ирэх жилүүдэд хямралыг сөрж давах учиртай бус уу. Үнэхээр л улстөрчдийн зөгнөөд байгаа эдийн засгийн хямрал ирэх жилүүдэд эрчимжвэл олсон хэдэн төгрөгөө хадгалсан нь л онох байлгүй. Наадаж цэнгэж бололгүй л яах вэ.
Гэвч үргэлжлэн орсон хур борооноор хөдөө, орон нутгийг зорьж гол усанд эндэх, хэдэн мянгаараа нэг далай дээр цуглачихаад далай ээжээ “бузарлаж”, мөнгөгүй, бензингүй хэмээн бухимдах нь амрах бус харин ч бухимдуулах шалтгаан болж байгааг үгүйсгэх юун.
МОНГОЛЫН МЭДЭЭ
Б.Өнөртогтох