Мандал сумын нутаг дэвсгэрт түймэртэй байна
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт гурван газар түймэртэй байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр асаж байна. Энэ нь өнгөрсөн сарын 26-нд гарсан түймэр аж. Аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 20 албан хаагч 1 автомашин, нийт 78 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Мөн тус сумын Түнхэл тосгоны “1681-ийн өндөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 150 км-т/ ойн түймэртэй байна. Түймрийг цурамд оруулсан боловч дахин ассан учир аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн 32 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 2 иргэн, нийт 57 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Харин “Арцат-Уул” гэдэг газар ойн түймэр бас унтраагүй байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 1 иргэн, нийт 15 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус түймрийг унтраахаар ажиллаж байна.
olloo.mn