Зарим газар үер буулаа

Ойрын хоногуудад нийслэл хот үргэлжилсэн бороотой байна. Зарим газар ширүүн бороо орсны улмаас үер буужээ.Тодруулбал энэ сарын 18-ны өдөр Зурагт, Зүүн салаа, 3,4 дүгээр хороолол үерт автаж авто замаар зорчиход хүндрэлтэй болоод байгаа юм. Мөн Баянхошуунд хэсэг хугацаанд цахилгаан таарч, долоо наймдугаар хорооны зарим гудамж үерт автсаны улмаас булан тохой эвдэрч сүйджээ. Өчигдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн ТҮК-ийнхан Зурагтын шинэ эцсийн буудлын орчимд авто зам дээр бий болсон их хэмжээний шороог ачиж зам цэвэрлэсэн байна.

Мөн 16-нд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо буюу Дарь-Эхэд үер бууж айлын гэр рүү орсон дуудлага дүүргийн Онцгой байдлын албанд иржээ. Дуудлага өгсөн иргэн шөнийн турш борооны усыг шавхаж хоножээ. Хажуу айл нь өөрийн гэр рүү ус оруулахгүйн тулд даланг сэтэлснээр дуудлага өгсөн айлын гэр рүү ус оржээ.

Энэ хэсэгт нийт 64 хашааны 120 айл үерийн аман дээр  буусан байгаа аж. Эдгээр айлд холбогдох байгууллагаас нүүх шаардлага тавьдаг боловч  газрын зөвшөөрөлтэй хэмээн байсаар иржээ. Ийм дүр зураг зөвхөн Дарь-Эх гэлтгүй нийслэлийн бүх газарт байгааг албаныхан онцолж байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд 36 мянга орчим аюулт үзэгдэл тохиолдож, жилд дунджаар 2200-аад хүн амь насаа алдсан мэдээ байна. Харин он гарсаар 3000 гаруй аюулт үзэгдэл болж 74 хүн амь насаа алдсан гээд байгалийн гамшгийн тоо, давтамж нэмэгдэж  байгаа ийм үед ард иргэд аль болох сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагын шаардлагыг биелүүлэх хэрэгтэйг албаныхан анхааруулсаар байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button