Тюмений их дуулгад манай тамирчид багаараа гуравдугаарт жагслаа

Хойд хөршийн Тюмень хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох гран при тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд манайхан нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, олимпийн оноо цуглуулахаар ОХУ-г зорьсон юм. Тодруулбал эмэгтэй ес, эрэгтэй 12 жүдоч Тюмений татамид гарч барилдсан.

Ингээд тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Мөнхзаяа алт, Ц.Цэрэннадмид мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх хүрэл медаль хүртсэн юм. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд нар VII байр эзэлсэн амжилт үзүүллээ. 

Тюмений их дуулгад нийт 55 орны 328  тамирчин оролцлоо. Тэмцээнээс 18 орон  ямар нэгэн медаль хүртсэн бол Япон улс  зургаан алт, хоёр мөнгө, нэг хүрэл, гурван шагналт байрыг авснаар тэргүүллээ. Харин зохион байгуулагч ОХУ хоёр алт, гурван мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн амжилтаар хоёрдугаарт бичигдлээ. Манай  Монгол улсын хувьд  алт, мөнгө, хүрэл медалийг тус бүр нэгийг хүртэж, гуравдугаар байрт жагссан юм.

Дашрамд дуулгахад эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд манай бөхчүүд болох Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэнчимэд нар өрсөлдөгч бөхчүүдээ буулгаж авсаар финалд хоорондоо таарч барилдсан. Энэ нь олон улсын чансаа өндөр тэмцээнд  манай бөхчүүд хоорондоо финалдсан анхны тохиолдол аж.  

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button