Сая хүн амтай хотын наадмаар 850 хуушуурын зөвшөөрөл ихдэхгүй гэж үү
Энэ жилийн наадам болдгоороо болж, онцгой гойд зүйл нэг их харагдсангүй. Харин төв цэнгэлдэхээ тойроод хуушуурын газрууд ярайж, зарим нь хүнгүй шахуу үзэгдэнэ. Харин ганц байх бие засах газар нь оочер дарааллаа дийлэхгүй, хүлээн зогсох хүмүүсийн уур ундууцлыг барна. Магадгүй та ч энэ байдлыг харж, мэдэрсэн байх.
Тэгэхээр юуны түрүүнд аливаа зүйлийг заавал шүүмжлэх гэсэнгүй, энэ бүхнээс санаа авч дараа дараагийн наадмын үйлчилгээг илүү сайхан зохион байгуулж, бие засах газрын асуудлыг хүртээмжтэй бас тарган хүн хүртэл багтахаар зайтай шийдээсэй гэсэн дээ л бичиж байна.
Мөн тэр олон хуушуурын газрыг цөөлж болдоггүй юм байх даа гэсэн бодол ч төрж байснаа сийрүүлье.
Нийслэлийн хотын баяр наадам Улсын хэмжээнийх учир хөл хөдөлгөөн ихтэй урьдынхаараа л болов.
Гэхдээ Төв цэнгэлдэхийг тойрсон тэр олон хуушуурын газрууд арай л олон санагдана. Шуудхан хэлэхэд хуушуурын зөвшөөрлийн тоогоо багасгаад бие засах газрынхаа тоог багахан тоогоор нэмчихсэн бол бас зүгээр байв.
Сонсох нь ээ, энэ жилийн наадмаар нийт 900 үйлчилгээний байгууллага, хувь хүмүүст үйлчилгээ явуулах зөвшөөрлийг олгосон гэдгийг албаныхан хэлж байсан. Үүнээс 100 нь худалдаа үйлчилгээний зөвшөөрөл авсан бол үлдсэн нийт 850 аж ахуйн нэгж хувь хүмүүст хуушуурын зөвшөөрлийг дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс олгожээ. Үүнээс 350 аж ахуй нэгж нь Хүй долоон худагт ажиллах зөвшөөрөл авсан бол үлдсэн 600 орчим нь Төв цэнгэлдэхэд хуушуур хийн зарах зөвшөөрөлтэй байсан.
Энэ их тоо биш гэж үү.
Нийлэл хотын хүн ам өнөөдөр сая даваад байгаа. Хүн амын багахан хэсэг нь баяр наадмын амралтын өдрийг тохиолдуулаад хөдөө гадаа явсан. Мөн хөдөө орон нутгаас Улсынхаа баяр наадмыг үзэх гэж цөөн тооны хүмүүс, дээр нь мөн цөөн тооны гадны жуулчид ирсэн байгаа. Тэгэхээр ингэж тооцоод ч хуушуурын худалдаа арай л их санагдана.
Нөгөө талаас, энэ жилийн наадмаар хуушуурын худалдаа үйлчилгээ үзүүлсэн байгууллагын ихэнх нь алдагдалтай ажилласан гэх юм билээ. Төв цэнгэлдэхэд ч, хүй долоон худгийн олонх нь алдагдалтай ажилласан хэмээн хуушуур борлуулсан нэгэн ярьж байхыг сонслоо. Мэдээж, зардлаа нөхсөн, ашгаа хийсэн хуушуур борлуулагчид байгаа. Гэхдээ тэд нь цөөн. Үүнд "850" гэсэн тоо нөлөөлсөн байж таараа. Мөн худалдан авагчид наадамчин олон ч нөлөөлсөн байгаа шүү дээ. Тэгэхээр хуушуурын зөвшөөрлийн тоо хэт их байсан нь яалт ч үгүй тодорхой байна.
Иймээс ирэх жилийн наадмаар хуушуурын олон зөвшөөрөл олгохоос татгалзаж, цөөн хэдхэн чанартай, төрөл бүрийн хуушуур хийх чадвартай байгууллагуудад л зөвшөөрлөө олгож баймаар. Мөн Наадамлах хүмүүсийнхээ тоотой харьцуулан хуушуурын зөвшөөрөл гээчээ олгож байвал зүгээр сэн.
olloo.mn