Триатлоны Улсын аваргууд тодорлоо

Триатлоны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-19-нд Архангай аймгийн Өгийнуурт амжилттай болж шилдгүүдээ тодруулав. Тэсвэр хатуужлын шалгуур болсон триатлоны спортын анхны УАШТ-ий 10 жилийн ойд зориулсан энэ жилийн тэмцээнд анх удаа манай триатлончид бүтэн зайд өрсөлдсөнөөрөө онцлогтой байв.

Тус тэмцээний эрэгтэй элит ангилалд /1000 метр сэлж, 28 км дугуй жийж, 9,2 км гүйсэн/ Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0164-р ангийн тамирчин, спортын мастер Х.Одгэрэл ширүүн хүйтэн бороон дунд гайхалтай ялалт байгуулж аваргын алтан медалийн эзэн болов. Тэрбээр дугуйн уралдаан дуусах үед тэргүүлэгчдээс 6 минут 30 секунд хоцорч дөрөвдүгээрт явсан ч гүйлтийн эхний 3 км-тээ өмнөх тамирчдыг барьж, 2 цаг 8 минутын амжилтаар түрүүлж чадсан юм.

Харин мөнгөн медалийг Хангарьд клубын тамирчин, спортын мастер Ч.Гансүх, хүрэл медалийг Каннондэйл Монголиа багийн тамирчин, спортын дэд мастер Н.Оргил нар хүртлээ.

Эмэгтэй триатлончдын элит ангилалд Хангарьд клубын залуу тамирчин Т.Хүслэн гуравдахь жилдээ дараалан түрүүлж Монгол Улсын спортын мастер цолны болзлыг 17-хон насандаа биелүүлж байна. Мөнгө, хүрэл медалийг Хангарьд клубийн тамирчин, спортын дэд мастер Э.Сүрэнням, тамирчин Э.Уянга нар хүртжээ.

Тэмцээнийг "Дако", "Баялаг Буянт" компаниуд ивээн тэтгэжээ.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button