А.Оюунчимэг: Гачууртын замын засвар ирэх сарын 30-нд бүрэн дуусна

Зуслангийн замуудад засвар шинэчлэлийн ажил хийгдэж байна. Нийслэлийн Авто замын газрын Зам барилгын хяналтын хэлтсийн мэргэжилтэн А. Оюунчимэгээс Улиастай-Гачуурт чиглэлийн зам засварын ажлын явцын талаар тодрууллаа.

 

-Наадмын өмнө Гачууртын замын эхний хэсгийг нээсэн. Хэвээрээ байгаа юу. Дахиж хөдөлгөон хаах уу?

 

-Улиастай- Гачуурт чиглэлийн 11 км замаас 5.6 км замын асфальт болон бетон хучилтыг бүрэн хийж наадмын өмнө тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Одоо энэ замаар хөдөлгөөн хэвийн явагдаж байна. Харин үүнээс цааш нэг км замыг цементээр бэхжүүлж хайрган суурь хийгдсэн учраас хөдөлгөөнийг хаасан. Энэ хэсэгт тээврийн хэрэгслийг шороон замаар явуулж байна. Ирэх өдрүүдэд нар хаталтаас шалтгаалан нээх өдрөө товлоно.

 

-Хэсэгчилж засч байгаа гэсэн үг үү. Нийт ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байна?

 

-700 метрээс нэг км хүртэл хэмжээгээр хэсэгчилж хааж байгаа. Нийт гүйцэтгэл 42 хувьтай байна. 11 км замаас зургаан км замынх нь засварын ажил хийгдсэн бол цаана нь таван км зам үлдэж байна. Мөн энэ үлдсэн замд хоёр гүүр, долоон хоолой засна. Хүнд ажлууд нь үлдсэн. Хот талын уулзвараас нэг км замыг хамгийн сүүлд засахаар үлдээсэн байгаа. Учир нь замын нэг талаар айл ихтэй, нөгөө талаар нь

цэвэр усны хамгаалалтын шугам хоолой явж байгаа тул Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтарч хөдөлгөөнийг хаана. Мөн айлуудтай тохиролцох шаардлага байгаа.

 

-Хэдэн компани ямар төсвөөр засч байна вэ?

 

-“Үйлсийн зам” компани туслан гүйцэтгэгч хоёр компанитай хамтарч хийж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө болох зургаан тэрбум 123 сая төгрөгөөр засч байгаа. Зам засвар ирэх сарын 30-нд бүрэн дуусах төлөвлөгөөтэй.

Зууны мэдээ

Ц.Баяр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button