Наадмаа дуусгая. Default айсуй

Энэ жил нэг аймаг, 36 сумын тэгш ой тохиож байгаа. Долдугаар сар гаргаад л эхэлсэн наадмууд одоо ид дундаа үргэлжилж байна. Улсын наадам дамнуулаад үргэлжилсэн урт амралт дуусаагүй. Энд тэндхийн албан газарт “гэр сахиж” хоцорсон хэдэн хүн л байна. Уг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг наадмын өмнөхөн аймгууд, агентлагийн дарга нартай цахим хурал хийхдээ “Наймдугаар сарын 1-нээс хойш наадам хийхгүй шүү” гэж анхааруулсан.

 

Цаасаар гарсан хуулийг тоодоггүй манайханд амаар хэлсэн анхааруулга юу ч биш бололтой. Гэтэл энэ жил зуншлага тааруухан. Бэлчээрийн гарц алаг цоог. Нийт нутгийн 50 шахам хувь нь гантай байдаг. Саяхнаас орсон бороо зарим нутагт үерийн аюул дагуулав. Дээрээс нь энэ зун ихээр халж, халуун намраар нойтон цас орж эхлэх тухай мэдээг мэргэжлийн байгууллагаас өгөөд байна. Уг нь наадмын маргааш намар гэдэг. Энэ жилийн хувьд зун ч болсонгүй. Өдгөө зуны сүүл cap эхэлчихээд явж байна. Ирэх хавар билгийн тооллын бичин жил гарна. Ингээд бодохул ямархуу өвөл, хавартай золгох нь бараг л тодорхой байна.

 

Гэтэл наадам дуусдаггүй ээ. Улсын наадамтай зэрэгцээд олон наадам болж өнгөрсөн. Одоо болох наадам ч цөөнгүй дуулдаж байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянлиг, Богд сумын 90 жилийн ой энэ сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд болно. Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд тохиож байгаа. Дундговь аймгийн наадам долдугаар сарын 26- 27-нд, тус аймгийн Баянжаргалан сумын 90 жилийн ой ирэх сарын 23-25-нд болно.

 

Өвөрхангай аймгийн Хархорин суманд энэ сарын 24-26-нд Өндөр гэгээний 380 жилийн Даншиг наадамтай. Өмнөговийнхон долдугаар сарын 25- 26-ны өдрүүдэд “Говь шанхын хурд”-аа зохион байгуулна. Мөн дээрх өдрүүдэд Сүхбаатар аймагт Зүүн бүсийн хурд болох юм байна.

 

Мөн Увс аймгийн 90 жилийн ойн наадам долдугаар сарын 22-25- ны өдрүүдэд болно. Ховд аймгийн Буянт сумын 90 жилийн ойн наадам есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд, Чандмань сумынх нь долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд болох ажээ. Харин Говьсүмбэрийнхэн баяр наадмаа Зүүн бүсийн “Боржигон наадам” нэртэйгээр ирэх наймдугаар сарын 8-9- ний өдрүүдэд хийхээр болжээ. Ерөнхий сайдын “лүндэн”-г Говьсүмбэрийнхэн тоосонгүй. Наадна л гэнэ.

 

Гэвч зөвхөн Говьсүмбэрийнхэн гэлтгүй нийтээрээ найр наадмаа дуусгаж, намар өвөлдөө бэлдэх цаг ирсэн ажээ. Сүүлийн 2-3 жилийн турш эдийн засгийн хямрал улам гүнзгийрэхийг үзлээ. Грекийн араас ч орж магадгүй гэж учир мэдэх улс хэлээд эхэллээ. Гэтэл дээрээс нь байгаль дэлхийн гамшиг нүүрлэхээр дохиолоод байдаг. Ингэвэл Монгол Улс бүх талаараа Default болж балрах вий.

Зууны мэдээ

Б.Дамдин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button