Бичин жилийн өвөл айсуй

Хэзээнээсээ л алдартай байсан хүнд хэцүү бичин жилийн өвөл айсуй. Харин бид энэ хүнд өвлийг хэрхэн давахаар бэлдэж байгаа билээ.  Учир мэдэх хашир хөгшчүүл энэ өвлийг нэлээд хүндхэн болохын дохиог эртнээс өгч, зуны сард найр наадамтай зэрэгцэн орсон цас орж байна хэмээн хаширлаж суугаа. 

Тэгвэл өнгөрөгч сарын сүүлээр Засгийн газар хуралдаж өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар сайд нараас мэдээлэл сонссон юм. Дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 33.5 хувь, Дулааны станц, дулааны шугам сүлжээнүүдийн өвлийн бэлтгэл 23 хувь, Цахилгаан түгээх болон дамжуулах сүлжээ компаниудын өвлийн бэлтгэл 32 хувьтай байгаа талаар Эрчим хүчний сайд Д.Зоригт мэдээлэлдээ дурьдсан. Гэсэн ч нийслэл хотын хувьд л бэлтгэл байдалд шилжих биш 21 аймгийн хэмжээнд, улс орон даяар өвөлжилтийн бэлтгэл байдалд орохыг тус хуралдаанаар ярилцсан юм. 

Зуншлага муу байгаа тул мал тарга авах нь бага байгаа. Гэтэл энэ өвөл 35 хэмээс дээш хэмжээгээр хүйтэрч, зуд болбол энэ хүйтэнд бүрэн тарга аваагүй мал осгож үхэх аюултай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Иймээс аймаг, сумдын наадмууд наймдугаар сарын 1 гэхэд дууссан байх ёстойг Засгийн газраас үүрэгдсэн. Гэхдээ зуншлага муу, гантай байгаа энэ үед наймдугаар сар гэдэг оройтно гэдгийг ч хашир хөгшчүүл хэлж байгаа юм.

“Наадмын дараа намар” гэдэг. Өвөл хүртэл зай ч бий гэж бодож болохгүй. Бичин жилийн өвөл хэдийнээсээ зудтай, хэцүүхэн болдог хэмээн хөгшчүүл хэлдэг. Түүхэнд ч тэмдэглэгдэн үлдсэн нь бий. Тиймээс бид бичин жилийн өвлийг өнтэй давахын тулд яг одооноос бэлтгэл ажилдаа орох хэрэгтэй байна. Гэтэл зарим аймаг сумдынх нь наадам дуусаагүй байгаа  нь асуудал болж мэдэхээр байгаа юм. 

Юун түрүүнд малчид хадлан тэжээлээ бэлдэх нь чухал. Гэвч энэ жилийн зун гантай байгаагаас үүдэн хадлан бараг авч чадахгүйд хүрснийг хөдөө орон нутгийн иргэд учирлаж байна. Тэгвэл энэ үед хэрхэх вэ?

Засгийн газраас энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч  малчдад хадлан тэжээлээ хэрхэн бэлтгэх тал дээр тусалж  дэмжихгүй бол өвөл нэлээд хэцүүдэж мэдэхээр байна. Төрийн байгууллагын дарга, мэргэжилтнүүдийг энэ өвөл хүндхэн болно гэдгийг одооноос тооцож, наадам ойн баяруудаас илүүтэй өвөлжилтөд анхаарах шаардлага байгаа юм.

Түүнчлэн “Хэрвээ хадлан нь ургасан бол хилийн зурвас, дархан цаазтай, тусгай хамгаалалттай газарт хадлан хадуулах. Отор нүүдлээр малчдыг өвөлжүүлэх зэрэгт эрх зүйн орчин хэлцэл шаардсан арга хэмжээ авах хэрэг гарч мэдэхээр байна.Гар хадуур, морин хадуур, тармуур зэрэг их хэрэг болно.Малын тэжээл бэлтгэх машинууд хэр зэрэг байна вэ гэдгийг судлах хэрэгтэй. Гаднаас оруулж боломжийг судлахад ч гэмгүй. 

Түүнчлэн малчид ч дор бүрнээ бэлтгэлээ базааж хаашаа хороогоо бэлдэж, ямар малаа оторлох боломж хэр зэрэг байгаа эсэхийг одооноос судалж байхад илүүдэхгүй. Хадлан , гар тэжээл, багсармал тэжээлийг аль болох  ихээр бэлдэх хэрэгтэй байгаа юм. Чухам бичин жилийн хүндхэн өвлийг давахад энэ л аминд орно. Энэ жил гар хадуур их хэрэг болно гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Тиймээс ойн цоорхой дахь өвсийг хадах хэрэгтэй. Бургасны завсрыг ч мөн хадах хэрэгтэй. Өвөлжөө бууцны халгай, шарилжийг ч гололгүй  хадах хэрэгтэй юм. 

Энэ мэт хийх ажил   ард иргэд болоод албан тушаалтнуудад нэлээдгүй бий. Одооноос л бэлдэж эхлэхгүй бол оройтох  нь байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button