Гуравдугаар сургуулийнхан ирэх хичээлийн жилээс шинэ байрандаа орно
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар сургуулийн барилгын насжилт дуусаж, нурах аюултай хэмээн мэргэжлийн хяналтаас актлах шийдвэр гаргасан. Ингээд хуучин барилгыг нурааж, шинэ барилгыг эхлүүлэх хүртэл нэлээд хугацаа алдсан. Энэ хооронд эцэг эхчүүд багагүй бухимдсан юм. Тэгвэл тус сургуулийн шинэ барилгын ажил 80 хувьтай үргэлжлэн явагдаж байна.
Гүйцэтгэгч компаниар “Алтанбулаг трейд” шалгарсан юм. Одоогоор үндсэн барилгын ажил дуусчээ. Харин гадна зам талбай, явган зам, автомашины зогсоол зэрэг тохижилтыг хийж байна. Тус компанийн инженерийн мэдээлж буйгаар бороо хур ихтэй байгаа ч саатах зүйлгүй, төлөвлөсөн хугацаандаа дуусгана гэв. Төлөвлөгөө ёсоор гуравдугаар сургуулийн барилгын ажлыг ирэх намар дуусгах аж. Иймээс сурагчид ирэх хичээлийн жилээс шинэ байрандаа орох юм байна.