Монгол наадмыг дэлхий ингэж харжээ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа монгол түмэн сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн наадмыг монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд үзэх харах зүйлтэй, өндөр зохион байгуулалттай хийх гэж үзсэн. Тэгвэл гадны хэвлэлүүдэд монгол наадмын талаар хэрхэн хүлээж авсныг тоймлон хүргэе.

 

www.Afp.com : Мөнгөний төлөө бяцхан хүүхдүүд морь унан уралддаг

“…Зуны халуун нар, шороо тоостой тэмцэлдэн морь унаач хүү  П.Тогтохсүрэн тал дундуур морио ташуурдан давхих аж. Энэ жил дөнгөж 13 настай Тогтохсүрэн хүү тав дахь удаагаа Үндэсний их баяр наадамд хурдан морь унаж, 170 гаруй унаач хүүхэдтэй өрсөлдсөн юм. Наадмаар унаач хүүхдүүд морьдоо ташуурдан хурдлан давхиж, харин тэдний давхин өнгөрөх  зам харгуйд боссон тоосонд орох нь аз хийморь авчирдаг хэмээн монголчууд итгэдэг  юм байна.

800 жилийн тэртээ их эзэн Чингис хааны арми Евроазийн эх газрыг эзлэн авч, Их Монгол Улсаа байгуулсанаас хойш монголчууд эрийн гурван наадмыг тэмдэглэн ирсэн түүхтэй. Эрийн гурван наадамд хурдан морь, сурын харваа, хүчит бөхийн барилдаан багтдаг аж. Нохой гаслам зуны аагим халуун, жавар тачигнасан өвлийн жихүүн хүйтнийг ч ажралгүй мөнгөний төлөө Тогтохсүрэнгийн адил бяцхан хүүхдүүд морь унан уралддаг. Унаач хүү Тогтохсүрэн 2010 оны зуднаар эцэг, эх нь хотоо харлуулж, хамаг малаа алдсанаас хойш морь унаж эхэлжээ.

Түүний хувьд ирээдүйд морь уяач  болохыг хүсдэгээ нуугаагүй юм. Мөн цаашдаа ч морио унана гэдгээ хэлсэн. Гэхдээ нэг  хэцүү зүйл нь гэр бүлээсээ хол байх явдал гэнэ билээ. Хүү “Намайг энд байх хооронд аав, ээж маань юу хийж, яаж амьдарч байгааг үнэндээ мэдэхгүй байна. Сүүлийн таван жилийн турш уяач ахындаа амьдарч байна. Ээжийгээ санахгүй байна” хэмээн өгүүлсэн юм.

Тогтохсүрэн хүүгийн хувьд хурдан морь унаад хэдэн төгрөгийн хөлс авдагаа хэлэхийг хүсээгүй ч, монгол хүүхдүүд ихэвчлэн сардаа 500 мянган төгрөгийн цалин авдаг аж. Энэ мөнгөөр уяачид хоол хүнс, сургуулийнх нь хичээлийн хэрэглэлийн авч өгч, эцэг эхэд нь нэмэр болдог гэсэн. Үүн дээр нэмэгдээд урамшуулал гэж бий. Үндэсний баяр наадмын хурдан морьдын уралдаанд түрүүлсэн хурдан хүлгийн эзэдэд Засгийн газраас нь 15 сая төгрөгийг олгох бөгөөд энэ мөнгөний 20 хувь нь унаач хүүхдэд ногддог юм байна.

Үүнээс гадна спонсор компаниудын бэлэг ч хүүхдүүдийн гарт очдог аж. Дашрамд дурьдахад, жил бүрийн хурдан морьдын уралдааны үеэр хүүхдүүд мориноосоо унаж, бэртэж гэмтэх, цаашлаад амиа алдах тохиолдол байдаг бөгөөд энэ асуудалд НҮБ-ын Олон улсын Хөдөлмөрийн байгууллага, Хүүхдийн сан анхаарлаа хандуулан ажиллах болсон. Монголын хурдан морины уралдаан барууны уралдаануудаас хол зайтай байдаг. Энэ жилийн хувьд ихэнх нутгаар хэт халж, гандуу, хур тунадас ч бага унасан байдалтай байлаа” хэмээн нийтэлжээ.

 

www.huffingtonpost.com : Хүүхдийн эрхийг ноцтойгоор  зөрчиж буй хэрэг

Тус сайтын сэтгүүлч Кэйт Солагийн бичсэн нийтлэлийн хувьд морь унаач хүүхдүүдийн авдаг цалинг сарын  250 мянган төгрөг хэмээн бичсэн байсны зэрэгцээ 2013 оны хурдан морьдын уралдаанд хэчнээн хүүхэд гэмтэж, амиа алдсан тухай дурьдсан байсныг энд тэмдэглэх хэрэгтэй.

Нийтлэлээс орчуулбал “…2013 оны уралдаанд хоёр хүүхэд нас барж, 24 гаруй хүүхэд гэмтсэн байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд илүүтэй анхаарлаа хандуулах болжээ. Албаны эх сурвалжуудын дурьдсанаар наргиан наадам, ашиг хонжоо олох зорилгоор хүүхдүүдийн амь насанд аюултай хүнд хөдөлмөрийг эрхлүүлэх нь хүүхдийн эрхийг ноцтойгоор  зөрчиж буй хэрэг” хэмээн онцлон бичжээ.

 

www.bangkokpost.com:  Үндэсний бөх наргиан наадмын зүйл, нөгөө талаар ярианы гол сэдэв болдог

Энэхүү сайтад “Монгол бөхийн шинэ арслан төрлөө” гэсэн гарчиг бүхий нийтлэл тавигджээ. Үүнд, “…Монгол наадмын үндэсний бөхийн тэмцээнд 22 настай залуу бөх Энхтүвшингийн Оюунболд ес дараалан давж, арслан цолыг хүртсэн. “Мөнх хөх тэнгэр”-ийн орон хэмээн омогшдог монгол зон олны хувьд үндэсний бөх гэдэг спорт, наргиан наадмын зүйл бөгөөд нөгөө талаар ярианы гол сэдэв болдог.

Ихэнх монгол эрс багаасаа барилдаж өсдөг бөгөөд ингэснээр хүчтэй, тэсвэр, тэвчээртэй болон өсч хүмүүждэг юм байна. Монголын Олимпийн медальтнуудын 70 хувь нь жүдо, самбо бөхчүүд байдаг. Японы мэргэжлийн сүмогийн дэвжээнд ч энэ нутгаас гурван их аварга төрөн гарсан юм. Хүчит бөхийн барилдааныг үзэхээр  Төв цэнгэлдэх хүрээлэнд  хүрэлцэн ирсэн 60 настай Н.Хүрэлтогоо гэгч эмэгтэй шинэ залуу бөх Оюунболдыг дэмжихээр ирсэн гэдгээ “Франс пресс” агентлагт ярьжээ.

Тэр эмэгтэй “Бөхчүүд хэдэн жилийн турш бие махбодь болоод оюун санааны бэлтгэл сургуулилт хийдэг. Баяр наадмаар 512 бөх барилдаж, хэн хүчтэй, чадалтай, тэсвэл тэвчээртэй нь тунан үлдэж түрүүлдэг юм” хэмээн тайлбарлан ярьсан. “Бүгд л сайн бэлтгэлтэй байна. Тиймээс хэн түрүүлэхийг тааварлах боломжгүй” гэж 2007 онд арслан цолыг хүртсэн эдүгээ 35 настай Х.Мөнхбаатар хуучилсан юм” хэмээн бичжээ.

 

www.sufamilyadventures.com: Хоёр хувийн алкохолийн хэмжээтэй айраг, ааруул наадмын талбайд өрөөстэй байсан

Тус сайтад Оливиа, Жонатан нарын хэсэг жуулчдын наадмын үеэр Монголд өнгөрүүлсэн хоёр хоногийн гайхалтай аяллын тухай мэдээлэл тавигдсан байв. Эдгээр жуулчид нийслэл хотын наадмыг үзэхээс илүү орон нутгийн наадмыг үзэж сонирхохоор Булган аймгийн Бугат сумыг зорьсон аж.

Хэдийгээр жижиг сумын наадам ч эрийн гурван наадам гурвуулаа явагдсан тухай дурьдсан байна. Бөхийн барилдааны эхний даваанууд явагдаж байх үед үзэгчид нэг тийшээ яаран хошуурцгаасаныг гайхсан Оливиа эд нар хаашаа ингэтлээ яарна вэ хэмээн хөтчөөсөө асууж, хурдан морины түрүү морь ирэх бараанаар наадамчин олон ийн барианы зурхай руу яарч байгааг мэдсэн гэнэ.

Барууны орнуудын хурдан морины уралдаан  хоёр км зайтай байдаг бол Монголд насны ангиллаасаа хамаараад 20 хүртэлх км-ын зайтай байдаг тухай мөн тэд бичсэн байна. Түүнчлэн хурдан морьдыг жийп машинууд дагаж, түрүүлж хурдлан ирсэн морьд, түрүүлсэн бөхийн хөлсөнд хүрэхийг монголчууд ихэд бэлгэшээдэг тухай болон хоёр хувийн алкохолийн хэмжээтэй айраг, ааруул зэрэг наадмын талбайд өрөөстэй байсан тухай тэмдэглэжээ.

 

http://agaar.ru/ : Хөвсгөл аймагт очсон жуулчдад таагүй явдал тохиолджээ

“…Монголчууд үндэсний баяр наадам, эрийн гурван наадам аа энэ жил ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж долдугаар сарын 11-ний өглөө 11.00 цагт үг хэлснээр наадмыг нээсэн. Тэрбээр Уфад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд оролцоод дөрөвхөн цагийн өмнө эх орондоо амжиж ирсэн нь энэ байсан юм. Наадмын гол үйл явдал нь эрийн гурван наадам, тэр дундаа бөхийн барилдаан байдаг.

Бөхийн барилдаанд энэ жил 22 настай залуу хүчтэн Э.Оюунболд түрүүлж, “арслан” цолыг Ерөнхийлөгчөөсөө гардаж авлаа. Тэрбээр мөн “Ланд Круйзер 200” машин бэлгэнд авсан юм. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд наадмын үйл ажиллагааг шууд дамжуулан үзүүлж байсан. Тэд наадам үзэхээр Монгол Улсад хүрэлцэн ирсэн зочдоос сэтгэгдлийг нь сонсч байсан бөгөөд тэдний дунд алдарт жүжигчин Стивен Сигал, ОХУ-ын сэтгүүлч Владимир Майбород нар байв. Наадам үзэх гэж ирээд зорилгоо биелүүлж чадаагүй америк жуулчны түүх монголчуудын сэтгэлийг эмзэглүүлсэн.

Түүнийг цэнгэлдэхэд орохоос нь өмнө  “урт гарт”-нууд тасалбарыг нь хулгайлсан юм. Тэрбээр хуушуур идэж чадсан ч наадмын нээлт үзэж, Ерөнхийлөгчийг амьдаар нь харах боломжоо алдсандаа ихэд харамссан биз ээ. Мөн Хөвсгөл аймагт очсон жуулчдад ч таагүй явдал тохиолдсон байсан. Тэнд мөнгөний автомат машины мөнгө, шатахуун түгээгүүрийн шатахуун дууссан байдалтай байжээ…” хэмээн энэхүү сайтад бичсэн байна.

 

www.baikal-daily.ru : Жуулчдын анхаарлыг татсангүй

Энэ сайтад ийнхүү бичжээ. “…Монголд ирдэг жуулчдын ихэнх нь Үндэсний баяр наадмыг нь тааруулж очдог. Тэгвэл энэ жилийн наадмаар ирсэн жуулчдын тоо урьд жилийнхээс 4.8 хувиар буурчээ. БНХАУ, Австралиас ирдэг жуулчдын тоо цөөрсөн нь үүнд голлох нөлөөг үзүүлсэн байна.

Гэхдээ нийт жуулчдын тоо буурсан ч Украин, Хонконгоос ирсэн жуулчдын тоо огцом өссөн аж. Ялангуяа Украинаас ирсэн жуулчдын тоо өнгөрсөн жилийнхээс даруй 37.2 хувиар нэмэгдсэн байна. ОХУ-тай визгүй зорчих болсноос хойш хоёр улсын хооронд зорчих иргэдийн урсгал хоёр дахин нэмэгджээ…” хэмээн бичсэн байна.  

 

Монголын мэдээ

Б.Даваахүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button