Зүүн Хойд Азийн хотуудын “Ногоон хотын хөгжил” форумыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны шийдвэрээр Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд бүс нутаг дахь орнуудаас туршлага судлаж, санал солилцох зорилгоор Хотын захиргаа, Азийн сан, Дэлхийн банктай хамтарч Зүүн Хойд Азийн орнуудын хотуудын “Ногоон хотын хөгжил” форумыг 2015 оны 09 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна.
Тус форумд Зүүн Хойд Азийн 40 гаруй хотын дарга, экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, албаны хүмүүсийг оролцуулахаар төлөвлөж, урилга хүргүүлээд байна. Форумаар Зүүн Хойд Азийн хотууд дахь ногоон өсөлт, хөгжлийн чиг хандлага, стратеги бодлого, Ногоон дэд бүтэц, тээвэр болон амьдралын хэв маяг, Ногоон технологи, хөрөнгө оруулалт, ажлын байр гэсэн үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Энэ нь Улаанбаатар хот бүс нутагтаа ногоон хөгжлийн жишиг хот болох зорилгодоо хүрэх эхний алхам болно гэж албаныхан үзэж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.