20 минутын аадар борооноор нийслэл усанд автав

Наадмын өмнө 30 градус хүртэл халж байсан тэнгэр хангай баярын сүүлийн өдөр хур бороо хайрласан. Харин  түүнээс хойш өдөр өнжихгүй бороо орж байгаа билээ. Ингэхдээ хотын зарим хэсгүүдэд хүчтэй усархаг бороо орж хүндхэн нөхцөл байдал үүсгэсэн. Ихэнхдээ хотын захын гэр хорооллуудын зам талбай усанд автаж, үерийн аман дээр зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийн байдал хүндэрсэн юм. Тэгвэл долоо хоногийн эхний өдөр буюу өнгөрсөн даваа гарагт Нийслэл хотын төв хэсэгт хүчтэй аадар бороо орлоо. Уг бороо 20 минутын турш үргэлжлэн орсон нь нийслэлийг Азийн Венец болгож орхисон юм.

Ийнхүү хүчтэй  үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн гудамж талбай их нууруудын хотгор болов. Шүхэр барьж, усны гутал өмссөн хүмүүс тогтоол усан дээгүүр гарах гэж мод чулуу дамжин “балетчин” шиг харайж байна. Энэ бол ойрын өдрүүдийн дүр зураг. Нийслэлийн төвд бол шавар шавхайд суучхалгүй тойрч аргалаад явах  ч хажуугаар давхих машинуудаас хувцасаа “хамгаалах” гэж бөөн юм болно. Харин гэр хорооллынхон шавар шавхайтайгаа хутгалдаж байна.

Нийслэл хотод сүүлийн хоёр, гурван жилд  их бүтээн байгуулалтын ажил өрнөж, авто замуудыг бүгдийг шинэчлэн засварлахаар хотын захиргаанаас төлөвлөөд байгаа. Энэ ч үүднээс зун болохоор л томоохон гол замуудыг хааж уг ажлаа хийж гүйцэтгэж байгаа нь иргэдийн зүгээс магтаалыг сонсоод байсан юм. Гэвч уг замууд нь 20 минутын борооны усыг зайлуулах зайлуулагчгүй байгаа нь нийслэлчүүдийг багагүй бухимдууллаа. Үүнд уурссан фотошопчид хошигносон зургуудыг цахим ертөнцөөр тарааж байна. Гэвч үүнийг зүгээр нэг хошигнол гэж харж болохгүйг албаныханд энд сануулж байна. Учир нь  үүнтэй адил усархаг бороо дахин хэд хэдэн удаа орвол үнэхээр Улаанбаатар хот Азийн Венец болоход  гайхах зүйлгүй юм.

Улаанбаатар хотыг тойрсон 700 гаруй километр зам бий. Гэхдээ энэ замын дөнгөж 13 хувьд нь, үүнээс төв хэсгийн 300 орчим километр замын 27 хувь нь ус зайлуулах хоолойтой. Эдгээр ус зайлуулах хоолой нэгдсэн нэг магистраль шугамаар баруун тийшээ явж, “Хархорин” захын хажууд байрлах усан насосын станцад бохироо шахдаг байна. Харин усан насосын станцад очсон усны бохирдлыг буюу том хогнуудыг шүүн аваад, үерийн усыг шууд Туул гол руу цутгадаг аж. Ийм усан насосын станц Улаанбаатарт ганцхан л ажиллаж байна. Тиймээс нийслэл дахин усанд автахгүй гэх баталгаа байхгүй байгаа юм.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button